Орон нутгийн ТӨСВИЙН ил тод байдлын загвар стандарт

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТ (Үндсэн хэсэг)

Гарчиг
 
Нэгдүгээр хэсэг.
ЗАГВАР СТАНДАРТЫН ТАНИЛЦУУЛГА
Хоёрдугаар хэсэг.
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТ
1.Эрх зүйн шаардлагуудын нэгдсэн зураглал
2.Орон нутгийн төсвийн ил  тод, нээлттэй байдалд хамаарах
2.Аймаг, нийслэлийн төсвийн ил тод, нээлттэй байдалд хамаарах
3.Сум, дүүргийн төсвийн ил тод, нээлттэй байдалд хамаарах
4.Орон нутгийн төсвийн байгууллагын ил тод, нээлттэй байдалд хамаарах
Гуравдугаар хэсэг.
ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН АРГА ХЭЛБЭРҮҮД
1.Төсвийн мэдээллийн цахим сайтын загвар
2.Төсвийн мэдээллийн булангийн загвар
3.Төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлын бусад хэлбэрүүд
Дөрөвдүгээр хэсэг.
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ (ГАРЫН АВЛАГА)
1.Загвар стандартыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зарчим
2.Төсвийн мэдээллийн цахим сайтыг ажиллуулах зохион байгуулалт ба аргачлал
а.Улаанбаатар ба түүний дүүрэгт хэрэгжүүлэх (онцлог)
в.Аймагт хэрэгжүүлэх (онцлог)
г.Суманд хэрэгжүүлэх (онцлог)
3.Төсвийн мэдээллийн булан ажиллуулах зохион байгуулалт ба аргачлал
а.Улаанбаатар ба түүний дүүрэгт хэрэгжүүлэх (онцлог)
в.Аймагт хэрэгжүүлэх (онцлог)
г.Суманд хэрэгжүүлэх (онцлог)
ХАВСРАЛТУУД (Жич үзнэ үү).

Нэгдүгээр хэсэг

ЗАГВАР СТАНДАРТЫН ТАНИЛЦУУЛГА

НЭР

Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт

ЗОРИЛГО, АГУУЛГА

Монгол Улсын нэгдсэн төсвийн нэг хэсэг болсон орон нутгийн төсвийн баримт бичиг ба үйл явцыг бодитойгоор ил тод, нээлттэй болгоход нөлөөлж чухал өөрчлөлт гаргах зорилготой.

Энэ нь орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн төлөвлөгөө, батлагдсан төсөв, түүний хэрэгжилт, үр дүнгийн ил тод байдал болон төсвийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах, дүгнэх үйл явцын нээлттэй байдлын агуулга, хэлбэр, арга зүй, зохион байгуулалтын жишиг загвар юм. Үүнийг загвар стандарт хэлбэрээр боловсруулж улмаар орон нутгийн зохих түвшинд нэвтрүүлэх эхлэлийг тавина.

ХЭЗЭЭ БОЛОВСРУУЛСАН

2012 оны 5-р сараас 2013 оны оны 3-р сарын хооронд.

ХЭН БОЛОВСРУУЛСАН

Монгол Улс дахь Дэлхийн банкны санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн хүрээнд “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний гишүүн төрийн бус байгууллага, судлаачид хамтран боловсруулав. Загвар стандартын төсөл, түүний хувилбаруудыг туршиж хэрэгжүүлэх, хэлэлцэх, боловсронгуй болгоход орон нутгийн төр, захиргаа болон төсөв, санхүүгийн ажилтнууд оролцсон болно.

ҮНДЭСЛЭЛ

Ард иргэдийн сайн сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлсэн, өндөр хөгжилтэй эдийн засаг бүхий ардчилсан нийгмийн оршин тогтнох үндэс суурь нь төрийн, түүний дотор төсөв, санхүүгийн ил тод, тунгалаг байдал юм.

Монгол улсад сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтийн хурдац, түүнийг дагаад төсвийн цар хэмжээ асар ихээр нэмэгдэж байгаа нь онцгой сорилт болж байна. Учир нь их мөнгө, аливаа асуудлыг мөнгөөр шийдэх боломж, улмаар тийм хандлага хэвших нь нэг талдаа боломж хэдий ч нөгөө талдаа оновчтой бодлого, сайн зохион байгуулалт, хариуцлагыг сулруулж, үрэлгэн, үр ашиг муутай, тансаг, эсвэл бүр бодлого, хууль зөрчсөн зарцуулалтыг тэр хэмжээгээр ихэсгэж дэвэргэх эрсдэлтэй.

Ийм нөхцөлд төсвийн бодлого, төлөвлөлт, зарцуулалт, хариуцлагыг сайжруулах, үүний тулд иргэд, олон нийт, татвар төлөгчид, хөндлөнгийн мэргэжилтэн, шинжээчдийн оролцоог хангаж хяналтыг чангатгах суурь нөхцөл нь ил тод, нээлттэй байдал юм.

Монгол Улсад 2010 оноос хойш төсвийн холбогдолтой хууль тогтоомж бүрэн шинэчлэгдсэн бөгөөд дагалдах дүрэм журмууд өөрчлөгдөж, тэдгээрт ил тод, нээлттэй байдал, иргэдийн оролцоог хангах эрх зүйн олон шаардлага заалт болж орсон боловч хэрэгжилт хангалтгүй байгаа нь төрийн бус байгууллагуудын мониторинг, үнэлгээ, судалгаагаар тодорхой харагдаж байна. Үүний шалтгаан нь бидний үзэж буйгаар, дээр дурьдсан шаардлагууд нь янз бүрийн хууль, дүрэм, журам, хавсралт маягтуудаар тарсан, хоорондоо уялдаа холбоогүй, зарим тохиолдолд давхардсан буюу зөрчилдсөн, эсвэл хэт ерөнхий, ихэнх тохиолдолд хэрэгжүүлэх аргачлал, процедур орхигдсон явдал юм. Улс төрчдөөс эхлээд төрийн захиргааны төв болон орон нутаг, төсвийн байгууллагууд төсвийн ил тод, нээлттэй байдлын талаар их ярьж, бас санаачилж хийхийг оролдож байгаа хэдий ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна.

Дүгнэлт хийвэл, орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангахад илүү нарийвчилсан бөгөөд сайтар бодож боловсруулсан зохицуулалт буюу процедур, арга зүй, хэмжиж болохуйц шалгуурууд шаардлагатай. Үүнийг загвар стандарт хэлбэрээр томъёолон илэрхийлж байна.

ЗАГВАР СТАНДАРТЫН ҮНДСЭН ЗАРЧИМ

Нэг.

Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрийн дотор төсвийн холбогдолтой бодлогын баримт бичиг, хуулиуд, тэдгээрийг дагалдаж гарсан дүрэм журам, тушаал зэрэгт заасан орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын эрх зүйн зарчим, шаардлагад бүрэн нийцсэн.

Хоёр.

Төсвийн ил тод, нээлттэй байдлын тухай биш, түүнийг шууд ил тод, нээлттэй болгоход чиглэсэн. Ингэхдээ ухуулж сурталчилсан, зааж зааварчилсан, тулган шаардсан биш, талуудын бүтээлч хамтын ажиллагаанд тулгуурласан.

Гурав.

Орон нутгийн төрийн захиргаа болон төсвийн байгууллагын мэдээлэл боловсруулах ба түгээх боломж,  чадавхид тохирсон.

Дөрөв.

Орон нутгийн иргэд, олон нийт, татвар төлөгчид, тэдний идэвхтэй хэсэг болсон төрийн бус байгууллагуудын төсвийн мэдээллийг байнга хүлээн авч хяналт тавих, төсвийн үйл явцад оролцох, санал хүсэлт байр сууриа илэрхийлэх хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн

Тав.

Зардал багатай хямд төсөр бөгөөд хүртээмжтэй, цаг хугацааг хэмнэсэн

Зургаа.

Монгол Улсын хууль тогтоомжинд гарч байгаа өөрчлөлт, шинэ эрэлт хэрэгцээ, мэдээллийн технологийн арга хэрэгслүүдийн хөгжилтэй уялдуулан өөрчлөн сайжруулж байх боломжтой.

ХАМРАХ ХҮРЭЭ

Монгол Улсын орон нутгийн түвшний төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдэл бүхий бүх субъектэд хамаарна. Үүнд, аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын нэгж, тэдгээр орон нутгийн төр захиргаа, орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээд буюу орон нутгийн өмчит болон түүний оролцоотой аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэдэг болон төсвөөс санхүүжилт авдаг орон нутгийн бусад байгууллагуудын захиран зарцуулж байгаа төсөвт хамаарна.

Мөн тухайн орон нутгийн төсөвт шууд хамаарахгүй боловч Монгол улсын болон дээд түвшний орон нутгийн төсөв, гадаад улс орон, зээл тусламж, концессийн гэрээ, төсөл, хөтөлбөрөөр тэнд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, худалдан авалтыг нэмэлт байдлаар хамааруулна.

ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖ БУЮУ СТАТУС

Энэхүү загвар стандарт нь судалгааны үндсэн дээр боловсруулж орон нутгийн түвшинд туршин, тэдгээрийн төр захиргаа, иргэд болон судлаачдын санал бодлыг тусгасан зөвлөмжийн шинжтэй баримт бичиг юм.

Загвар стандартыг зөвхөн сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэг албадлагыг агуулаагүй. Гэхдээ түүнд багтсан тодорхой шаардлагууд нь Монгол улсын Үндсэн хууль болон төсвийн холбогдолтой хууль тогтоомжинд нийцсэн, өөрөөр хэлбэл эрх зүйн үндэстэй учраас иргэд, олон нийт,  татвар төлөгчдийн зүгээс орон нутгийн төр, захиргаа, төсвийн байгууллагад хандан загвар стандартыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэхийг нэхэж шаардах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн харшлах зүйл байхгүй.

Нөгөө талаар нутгийн өөрөө удирдах ёсны зарчмын дагуу аймаг, нийслэл, дүүрэг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, эсвэл Засаг даргын зүгээс дээрх зарчмын дагуу тухай нутаг дэвсгэрт заавал биелүүлэх эрх зүйн баримт бичиг шийдвэрийг гаргах эрхтэй тул төсвийн мэдээллийн цахим сайт ба буланг (эсвэл загвар стандартыг нийтэд нь) хүлээн зөвшөөрч баталсан тогтоол, захирамж гарган ашиглах, эсвэл төстэй баримт бичгийн болон үйл ажиллагааны үндэс суурь байх боломжтой.

ИЖ БҮРДЭЛ БА ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ

Загвар стандартыг иж бүрнээр, эсвэл хэсэгчлэн хэрэгжүүлж болно.

Ингэхдээ түүнд тулгуурласан илүү нарийвчилсан шаардлага, агуулга бүхий өөр шинэ загвар стандарт  боловсруулж нэвтрүүлэх, дагаж мөрдөхийг хязгаарлахгүй.

Мөн төсвийн хууль тогтоомж, түүнийг дагаад төсвийн нэр томъёо, баримт бичиг, үйл явцын эрх зүйн шаардлагад өөрчлөлт орвол түүнд тохируулан өөрчилж болно.

ЗАГВАР, СТАНДАРТАД АШИГЛАСАН НЭР ТОМЬЁО, ТОДОРХОЙЛОЛТ

Энэхүү баримт бичгийн хүрээнд дараах үндсэн нэр томьёо хэрэглэгдэнэ. Энэ нь Монгол Улсын төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын (2011 оны 12-р сарын 23-нд батлагдсан) дагуу бөгөөд зарим нэмэлт тодруулгыг судлаачдын зүгээс хийсэн болно.

Төрийн сан – Төсөв, мөнгөн хөрөнгө, өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, төсвийн гүйцэтгэлийг тайлагнах тогтолцооны нэгжийг хэлнэ. Орон нутагт аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байдаг.

36.2.Төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна

Төсвийн төсөл – Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн, хуульд заасан шаардлагын дагуу төсвийн шатлал бүрээр төсвийн ангилал ашиглан Засгийн газраас Улсын Их Хуралд, түүнчлэн бүх шатны Засаг даргаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн саналыг;

Төсөв – Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг;

Орон нутгийн төсөв – Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг;

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан – Орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг;

Төсвийн байгууллага – Батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн[5] 7.1.3-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;

Төсвийн захирагч – Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг; (1992-2002 онд хэрэгжсэн Монгол улсын төсвийн тухай хуульд төсвийн захирагчдын гурван түвшин байсан. 2003 оноос ТЕЗ, шууд захирагч (ерөнхий менежер) гэсэн хоёр түвшинг тогтоож хэрэгжүүлсэн бол одоо Төсвийн шинэ хуулиар урьд байсан гурван шаттай түвшинг дахин тогтоохоор болсон)

Төсвийн ерөнхийлөн захирагч – Өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; (Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга юм. Харин ИТХ-ын төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн шатны ИТХ-ын дарга байна – Засгийн газрын 2009 оны 99-р тогтоолын 3-р хавсралт).

Төсвийн төвлөрүүлэн захирагч – Төсвийн ерөнхийлөн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, төсвийн шууд захирагчид хуваарилах, хяналт тавих, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; (Төсвийн тухай хуулийн 61.1.1-61.1.7 дахь заалтад тусгагдсан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүргийн тухайд аймаг, нийслэлийн Засаг дарга нь төсвийн төвлөрүүлэн захирагч болно (ТТХ-ийн 15.2). Жишээлбэл, аймаг, нийслэлд ажилладаг сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, соёлын үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, газрын харилцаа, кадастр, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээ, нийтийн биеийн тамирын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын төсвийн төвлөрүүлэн захирагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна. Харин сум, дүүргийн Засаг даргын хувьд ТТХ-ийн 39.2 дахь заалтын дагуу төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг байгуулах хэдий ч сум, дүүргийн цэцэрлэг, сургууль, соёлын төвийн төсвийн төвлөрүүлэн захирагч байх эсэх нь тодорхойгүй байна.  Уг хуулийн 15.3 дахь заалтаар төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагдах төсвийн шууд захирагчийг Засгийн газар тогтоохоор байна)

Төсвийн шууд захирагч – Төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; (Энэ нь орон нутгийн хувьд төсвийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар юм. Тухайлбал, ЗДТГ-ын дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, хүн эмнэлгийн эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч, аймагт ажиллаж байгаа агентлагийн дарга гэх мэт. Харин ИТХ-ын төсвийн шууд захирагч нь ИТХ-ын нарийн бичгийн дарга нь байна. Эдгээр албан тушаалтныг хуучин хуулиар ерөнхий менежер гэж байсан бол шинэ хуулиар ерөнхий менежер гэсэн нэр байхгүй болж шууд захирагч гэж хуульчлагдсан)

ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ҮНДСЭН ЗАРЧМУУД

Төсөв, санхүү ба төрийн ил тод, нээлттэй байдлыг зохицуулсан Монгол Улсын хууль тогтоомжинд тодорхойлсон болно.

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ(УИХ-аар 2011 оны 12-р сарын 23-нд батлагдсан)5.1.Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална:5.1.4.ил тод байдлыг хангасан байх;6.5.Энэ хуулийн 5.1.4-т заасан төсвийн ил тод байдлын зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:6.5.1.төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;6.5.2.төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;6.5.3.төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах;6.5.4.төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах;6.5.5.хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох  шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэх;6.5.6.төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг тэдэнд тухай бүр мэдээлж байх.
“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ  ТУХАЙ” (УИХ-аар 2011 оны 6-р сарын 16-нд батлагдсан)6 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны зарчим6.1. Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.
“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ” (УИХ-аар 2011 оны 6-р сарын 16-нд батлагдсан)5 дугаар зүйл.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаанд баримтлах зарчим5.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:5.1.1.хууль дээдлэх;5.1.2.иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;5.1.3.хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх;5.1.4.хараат бус байх;5.1.5.мэдээллээр хангах үйл ажиллагаа шуурхай байх.
ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ(Засгийн газрын 2012 оны 1-р сарын 18-ны 17-р тогтоолоор батлагдсан)Хоёр. Төсөв, санхүүгийн мэдээллийг олон нийтэд түгээхэд баримтлах зарчим2.1. Мэдээлэл нь иргэд, олон нийтэд нээлттэй байх бүхий л боломжит арга хэрэгслээр хангагдсан байх.2.1. Мэдээллийг тогтмол хугацаанд, тогтоосон стандартын дагуу үнэн зөв, ил тод байдпаар олон нийтэд хүргэх.2.3. Мэдээлэл нь тухайн жилийн батлагдсан төсөв болон Төсвийн тухай хуульд нийцсэн байх.
ТӨР, ХУВЙЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО(УИХ-ын 2009 оны 64-р тогтоолын хавсралт)Түншлэлийн арга, хэлбэр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, холбогдох төрийн байгууллагаас гаргасан шийдвэр, хувийн хэвшлийн этгээдийг сонгон шалгаруулах ажиллагаа, түншлэлийн үр дүн нийтэд ил тод, нээлттэй байна.
КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬ (2010 оны 01-р сарын 28-нд батлагдсан)2.6.Концесс олгох үйл ажиллагаанд ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2011 оны 6-р сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ЗОХИЦУУЛСАН ХУУЛЬ, ЖУРМЫН ОРОН НУТГИЙН ТӨСВИЙГ ХАМРАХ ХҮРЭЭ

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа төсвийн холбогдолтой хууль, журам, дүрэм, тушаал, заавруудын хамрах хүрээ нь ерөнхийдөө тодорхой боловч тэдгээрийг хэрэгжүүлэх шатанд төр захиргаа, төсөв, санхүүгийн ажилтан, судлаачид, иргэд олон нийтийн дунд янз бүрийн асуудлаар нэгдсэн ойлголт тогтоогүй, санал зөрөх явдал гардаг. Эдгээрээс орон нутгийн төсөвт хамаарах заалтуудыг дараахт байдлаар тусгайлан авч ашигласан болно.

Холбогдох тайлбарыг хийв.

“ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ”(УИХ-аар 2011 оны 12-р сарын 23-нд батлагдсан)3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ3.1.Энэ хууль нь төсвийн байгууллага,түүний албан тушаалтан, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг болон хууль тогтоомжийн дагуу төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна.

“Төсвийн тухай хууль”-ийн ил тод, нээлттэй байдлын заалтуудад аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт төсвийг дурьджээ. Харин төсвийн тодорхой байгууллагуудын төсвийг ил тод, нээлттэй болгохыг шууд дурьдаагүй боловч уг хуулийн ил тод, нээлттэй байдлын холбогдолтой 5.1.4, 6.5.1-6 дахь заалтууд болон мэдээ, тайлан гаргахтай холбоотой заалтууд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад баримтлах зарчмуудыг тодорхойлж байгаа учир төсвийн эдгээр үйл явцад оролцож буй субъектүүдэд бүгдэд нь хамааралтай гэж үзэж байна.

“МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ”(УИХ-аар 2011 оны 6-р сарын 16-нд батлагдсан)3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээЭнэ хууль нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг дараах байгууллагад хамаарна:3.1.1.Улсын Их Хурлын Тамгын газар;3.1.2.Ерөнхийлөгчийн Тамгын газар;3.1.3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар;3.1.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба;3.1.5.төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага;3.1.6.бүх шатны шүүх, прокурорын байгууллага;3.1.7.Улсын Их Хурлаас байгуулдаг /Засгийн газраас бусад/ байгууллага;

3.1.8.нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

3.1.9.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;

3.1.10.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн  19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллага;

3.1.11.олон нийтийн радио, телевизийн байгууллага.

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн хамрах хүрээг нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажлын алба, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэж тодорхойлсон нь ЗДТГ, ИТХ, төсвийн байгууллагуудад хамаарч, аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт төсвийг ил тод болгоход шууд хамаарахгүй мэт харагдаж байгаа боловч төсвийн байгууллага бүрийн төсөв тухайн шатны Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарагдах тул аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагаанд энэ хууль хамаатай гэж ойлгож байна. Ингэж ойлгох үндэслэл нь дараахь журмын заалттай мөн холбогдоно.       

“ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ”(Засгийн газрын 2012 оны 1-р сарын 18-ны 17-р тогтоол )1.1.        Энэхүү журмын зорилго нь бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд (цаашид “төсвийн байгууллага” гэх)-ийн батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэлийг (цаашид “мэдээлэл” гэх) олон нийтэд нээлттэй байлгах харилцааг зохицуулахад оршино.“ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ХАВСРАЛТ”1.Төсвийн байгууллагын … жилийн тайлан. Зарлага (маягт)2.Төсвийн байгууллагын … жилийн тайлан. Хөрөнгө оруулалт (маягт)3.Улсын төсвийн орлого төвлөрүүлэгч байгууллагын жилийн тайлан. Орон нутгийн засаг захиргаа (маягт)

“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах журам”-ийн хамрах хүрээг “бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд (цаашид төсвийн байгууллага гэх)” гэж тодорхойлсон нь энэхүү журам нь төр, захиргааны байгууллагуудад өөрт нь буюу ЗДТГ, ИТХ-ын төсөв, мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт төсөв, Засаг даргын нөөц сан, “Орон нутгийн хөгжлийн сан”-г ил тод болгоход шууд хамаарахгүй мэт харагдаж байгаа ч Төрийн захиргааны төв болон орон нутгийн бүх байгууллага, ИТХ нь бүгд Төсвийн тухай хуулийн дагуу “төсвийн байгууллага” гэдэгт хамаарна. Үүнээс гадна “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангах журам”-ын 4.2.2, 4.3.3, 4.3.4, 4.4, 6.2 дахь заалтуудад ТЕЗ-д ногдуулсан үүргийг тодорхойлсон байгаа тул энэ журам нь аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт төсөв, Засаг даргын нөөц сан, “Орон нутгийн хөгжлийн сан”-г ил тод болгоход хамааралтай гэж үзэх үндэстэй.

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ  ТУХАЙ” (УИХ-аар 2011 оны 6-р сарын 16-нд батлагдсан)3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн  хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ  худалдан авахад  энэ хуулийг дагаж мөрдөнө.3.3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбогдсон харилцааг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
“ТӨРИЙН БА ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ ТӨЛӨВЛӨХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ”(Сангийн сайдын 2012.12.13-ны 264 тоот тушаалаар батлагдсан)1.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, уйлчилгээ худалдан авах тухай Монгол Улсын хуулийн (цаашид хууль гэх) хүрээнд тухайн жилийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явцыг захиалагч байгууллага цаг хугацаа алдалгүй, шуурхай, үр ашиггай зохион байгуулахад шаардпагатай зохицуулалтаар хангахад энэхүү журмын зорилт оршино.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СҮЛЖЭЭНД ТЕНДЕРИЙН УРИЛГА, ҮР ДҮНГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ(Сангийн сайдын 2006 оны 55 тоот тушаалын хоёрдугаар хавсралт)Хоёр. Үйлчлэх хүрээ2.1.“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 4.1.1-д заасан захиалагч байгууллага /цаашид “Захиалагч” гэх/-ууд Засгийн газраас тогтоосон холбогдох босго үнээс дээш өртөг бүхий бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нээлттэй тендер шалгаруулахад тендерийн урилга, тендер шалгаруулалтын үр дүнг энэхүү журамд заасны дагуу зарлан мэдээлнэ.

Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авч байгаа бүх захиалагчид хамаарна. 2013 оноос сумын түвшний төсвийн зарим байгуулллага худалдан авалт хийхээр болсон.

“ОРОН НУТГИЙН ТӨСӨВ БОЛОВСРУУЛАХ ЖУРАМ”(Сангийн сайдын 2012 оны 11-р сарын 14-ны 244-р тушаалаар баталсан)1.1.Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, орон нутгийн төсөвт байгууллага болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг тусгай зориулалтын шилжүүлгийн гэрээгээр санхүүжих улсын төсвийн байгууллагын төсвийн захирагч жилийн төсвийн төсөл боловсруулж дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх, батлагдсан төсвийг дээд шатны байгууллагад хүргүүлэх, олон нийтэд мэдээлэхэд энэхүү журмыг баримтална.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт төсөв, тэдгээрийн дотор орон нутгийн хөгжлийн сангийн төсөвт бүгдэд хамаарна.

“ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГИЙН ЗОРИУЛАЛТ, ЗАРЦУУЛАЛТЫН НИЙТЛЭГ ЖУРАМ”(Сангийн сайдын 2012 оны 11-р сарын 15-ны 239 дугаар тушаалаар батлагдсан)1.Урьдчилан төлөвлөх, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй, тухайн төсвийн жилийн дундуур зайлшгүй санхүүжилт гаргах шаардлагатай зарим зардлыг санхүүжүүлэх болон тухайн шатны Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх зориулалт бүхий Засаг даргын нөөц хөрөнгийг зарцуулах,  гүйцэтгэлийг тайлагнахад энэ журмыг мөрдөнө.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн нэг хэсэг болсон Засаг даргын нөөц хөрөнгөнд шууд хамаарна.

“ХАНДИВ ТУСЛАМЖИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ”(Сангийн сайдын 2010 оны 3-р сарын 1-ны 45 тоот тушаалаар батлагдсан)Нэг. Нийтлэг үндэслэл.1.1.                Энэхүү журмын зорилго нь гадаад дотоодын болон дотоодын аж ахуйн нэгжээс төрийн байгууллагад өгч буй хандив, тусламжийг Нягтлан бодох бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

Орон нутгийн нийт төсөв болон төсвийн бүх байгууллагад хамаарна гэж ойлгогдож байна.

Хоёрдугаар хэсэг

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТ 

ЭРХ ЗҮЙН ШААРДЛАГУУДЫН НЭГДСЭН ЗУРАГЛАЛ:

Загвар стандартын суурь нь “Орон нутгийн төсвийн үйл явц, баримт бичгүүдийн ил тод, нээлттэй байдлын хууль, эрх зүйн шаардлагуудын нэгдсэн зураглал (mapping) болно.

Энэ нь “Төсвийн тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хууль, “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”, “Хандив тусламжийг бүртгэх журам”, “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам” зэрэг хууль, Засгийн газрын тогтоол, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын (Санхүү, эдийн засгийн яам, Сангийн яам) сайдын тушаалаар батлагдсан журам, дүрэм, тэдгээрийн хавсралтуудад заасан орон нутгийн төсвийн баримт бичиг ба үйл явцын ил тод, нээлттэй байдлын эрх зүйн шаардлагуудыг нэгбүрчлэн судалж боловсруулан цаглабар хэлбэрээр нэгтгэн харуулсан зураглал юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн хууль, журам, дүрмийн заалтуудад тулгуурласан болно.

Харин орон нутгийн төсвийн зарим баримт бичиг ба үйл явцыг ил тод, нээлттэй болгох эрх зүйн тодорхой шаардлагууд байхгүй, эсвэл хэт ерөнхий, процедур орхигдсон зэрэг тохиолдолд тийм “цоорхой”-г  нөхөж гүйцээх зорилгоор зарим тодруулга болон саналыг боловсруулж орууллаа. Ингэхдээ хууль тогтоомжинд орон нутгийн төсвийн баримт бичгийн төсөл, гүйцэтгэлийн тайлан зэрэг ихэнх баримт бичгийг дээд шатны төсвийн захирагч, байгууллагад өргөн барих, танилцуулах  үе шат бүрийг нэлээд тодорхой зохицуулсан хэрнээ ил тод, нээлттэй болгох шаардлагыг орхигдуулсан байгааг харгалзан үзлээ. Ийм саналыг ногоон өнгөөр ялгав.

Шаардлагатай тохиолдолд загвар стандартад  өөрчлөлт оруулах боломжтой, уян хатан байхаар зураглав.

Ижил төстэй баримт бичиг, эсвэл үйл явцад ижил өнгийн дэвсгэр өглөө. Энэ нь тэдгээрийг олж ашиглахад дөхөмтэй.

Нэгдсэн хувилбарт тулгуурлан аймаг, нийслэл, сум, дүүрэг, орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загваруудыг гаргав. Энэ нь тухайн орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт болох юм. Ингэхдээ ижил төстэй заалтуудыг давтахгүй, товчхон, цэгцтэй байх зарчмыг баримталж ижил төстэй дэлгэрэнгүй тайлбарыг нэгдсэн зураглалаас авч ашиглана.

“Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-д заасны дагуу энэ үйл явцыг 7-р сард эхлэхээр оруулав. Судлаачдын үзэж буйгаар, төсвийн хүрээний мэдэгдэлд тусгуулах саналыг сум, дүүрэг, орон нутгийн төсвийн байгууллагын 1-2-р сараас бэлтгэж иргэдэд мэдээлэл өгч санал хүсэлтийг тусгах нь чухал ач холбогдолтой хэдий ч эрх зүйн тийм шаардлага хараахан алга байна. Гэхдээ орон нутгийн төр, захиргааны байгууллага санаачлага гаргах явдал бүрэн чөлөөтэй гэж үзлээ. Харин орон нутгийн хөгжлийн сангийн төсөл боловсруулахад иргэдийн санал авах үйл явц баг, хорооны айл өрх бүрт жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан санал авах маягтыг хүргүүлэхээс эхэлж байгаа болно.

[Нэгдсэн зураглалыг тусад нь үзнэ үү. 30 хуудас]

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАРУУД:

Нэгдсэн зураглалд багтсан ил тод, нээлттэй болгох шаардлагатай баримт бичиг болон үйл явцуудыг товчоор дүрслэн харуулсан загваруудыг эндээс үзнэ.

Аймаг, нийслэл, сум, дүүрэг ба төсвийн байгууллагын төсвийн жилийн турш ил тод, нээлттэй болгох шаардлагатай цаглабар, баримт бичиг, үйл явц, тэдгээрт холбогдох хууль, дүрэм, журмын заалтууд (төсвийн баримт бичгийн нэр, ил тод болгох хугацаа, арга хэлбэр), төсвийн баримт бичиг, мэдээллийн агуулга, бүтэц, задаргаа, нарийвчлал  (хууль, журманд заасан болон төслийн зүгээс санал болгож байгаа), төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах арга, хэлбэр буюу загварыг (хууль, журманд заасан болон төслийн зүгээс санал болгож байгаа)-ыг эндээс товч байдлаар харна.

2013 оны 3-р сарын байдлаар бэлэн болсон 37 загвар бэлэн байна. Үүнээс 36 нь үгээр тайлбарласан, нэг нь хүснэгт болно. Загварууд өөрчлөгдөх буюу тоо нь нэмэгдэж хасагдах боломжтой.

[Загваруудыг хавсаргав. Нийт 37 загвар болно]

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛД ХАМААРАХ

Дээр дурдсан загваруудаас аймаг, орон нутгийн төсвийг жилийн турш ил тод, нээлттэй болгоход хамаарах загваруудын дугаарыг эндээс харна.

[Энд загварын дугаарууд орно. 01-37-ын хооронд]

СУМ, ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛД ХАМААРАХ

Дээр дурьдсан загваруудаас сум, дүүргийн төсвийг жилийн турш ил тод, нээлттэй болгоход хамаарах загваруудын дугаарыг эндээс харна.

[Энд загварын дугаарууд орно. 01-37-ын хооронд]

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛД ХАМААРАХ

Дээр дурдсан загваруудаас орон нутгийн төсвийг жилийн турш ил тод, нээлттэй болгоход хамаарах загваруудын дугаарыг эндээс харна.

[Энд загварын дугаарууд орно. 01-37-ын хооронд] 

ГУРАВДУГААР ХЭСЭГ

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭЛБЭРҮҮД

Нэг. ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САЙТЫН ЗАГВАР

Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандартыг нийслэл Улаанбаатар хот, түүний Баянзүрх дүүрэг, Ховд аймаг, түүний Дөргөн сумын төсвийн цахим сайтын жишээн дээр харуулав.

Ийм сайтууд нь орон нутгийн төсвийн бүх мэдээллийг цаг алдалгүй шуурхай, ойлгомжтой хэлбэрээр цэгцтэй байршуулж иргэд, олон нийт нэг цэгээс авч байх боломжийг бүрдүүлэх зорилготой.

Төсвийг ил тод болгоход цахим хэлбэр болон цахим сайтад түшиглэх үндэслэл:

-Төсөв, санхүүгийн мэдээлэл нь юуны өмнө хууль, журам, дүрмийн дагуу боловсруулагддаг, албан ёсны эх сурвалжаар баталгааждаг, тов тодорхой  бүтэц, ангилал, нарийвчлалтай, их хэмжээний тоон мэдээлэл зонхилсон, зохих тайлбар, танилцуулга бүхий баримт бичиг юм. Өнөөдөр орон нутгийн бүх засаг захиргааны бүх түвшин, төсвийн бүх байгууллагад төсөв, санхүүгийн мэдээлэл, баримт бичиг 100 хувь компьютерээр тоон (дижитал) буюу цахим хэлбэрээр бэлтгэгдэж, ихэнх тохиолдолд Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн системээр дамжуулагдаж, энэ хооронд зөвхөн шаардлагатай тохиолдолд бүтнээр буюу хэсэгчлэн цаасан дээр хэвлэгдэх зэргээр бусад хэлбэрт шилжиж байна.

-Төсөв бол жилийн турш урьд оны гүйцэтгэлийг тайлагнаж, тухайн жилийн төсвийг хэрэгжүүлж, ирэх  жилийн төсвийг төлөвлөж боловсруулах гурван үйл явц зэрэгцдэг тасралтгүй үйл явц юм. Төсвийн мэдээлэл сар сараар шинэчлэгдэн нэмэгдэж байдаг. Үүнийг цаг алдалгүй, бүрэн хэмжээгээр ил тод, нээлттэй болгохын тулд асар их мэдээлэлтэй тасралтгүй ажиллах шаардлага тулгардаг. Ийм боломжийг зөвхөн цахим орчин хангаж чадна. .

-Интернэт, цахим хуудасны бүх давуу тал төсвийн мэдээллийн цахим хуудасны давуу тал байх болно. Үүнд: хэдийд ч хаанаас ч үзэж ашиглаж болно, үргэлж нээлттэй, оруулсан бүх мэдээлэл хуримтлагддаг, үндсэндээ багтаамжийн хувьд хязгааргүй, янз бүрийн бүтэц ангиллаар чөлөөтэй байршуулах, тийм ангиллыг хүссэн цагтаа өөрчилж байх, тэгээд хоромхон зуур хайлт хийх боломжтой гэх мэт.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн үйл явц, баримт бичгийн эрх зүйн хүрээний тойм судалгаа хийж зураглал (mapping)-ийн хэлбэрт оруулж үзэхэд орон нутгийн төр, захиргаа, төсвийн байгууллага, орон нутгийн өмчит компаниас эхлээд тухайн орон нутгийн нийт төсвийг төлөвлөх, гүйцэтгэх (хэрэгжүүлэх) ба тайлагнах үе шатуудад хамаарах маш олон баримт бичиг боловсруулагдаж гардаг бөгөөд тэдгээрийн ихэнхийг ил тод болгох шаардлага тавигдсан байна. Календарийн хугацаагаар ангилж үзэхэд зарим сард худалдан авалтын үйл явцыг оруулаад төсвийн 10 хүртэл баримт бичиг гарч байна. Орон нутагт амьдардаг иргэд тус тусын аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс эхлээд өөрсдийн ажил, амьдралд хамаардаг хэд хэдэн байгууллагын төсвийн мэдээллийг авч байх боломжийг бүрдүүлэх ёстой. Энэхүү шаардлагыг хангаж төсвийн мэдээллийн нэг цэгийн үйлчилгээний үүргийг  цахим хуудас гүйцэтгэнэ.

-Календарийн тогтсон огноогүй, байнга үргэлжилдэг хэрнээ зарлах, үнэлэх, дүгнэх үе шатууд нь цаг хугацааны хатуу интервалтай худалдан авалтын үйл явцыг нээлттэй болгох хамгийн шуурхай арга бол цахим хуудас юм.

-Хот суурин газрын захын хорооллын оршин суугчид, ялангуяа хөдөөний малчид, нийгмийн эмзэг давхаргын хүмүүст Интернэт хүртээмжгүй нь үнэн боловч төсвийн мэдээллийн цахим хуудас нь төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагынхан, бизнес эрхлэгчид, оюутан сурагчид зэрэг нийгмийн идэвхтэй хэсэгт хүртээмжтэй учраас тэднээр дамжуулан, эсвэл тэд санаачлан төсвийн мэдээллийг бүх нийтэд хүргэх боломж нээгдэж байна.

-Цахим хуудсыг онцолсноороо төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй болгох бусад арга хэлбэрийг огт үгүйсгээгүй бөгөөд харин ч цахим хуудас хэмээх нэг цэгт шуурхай, хүртээмжтэй, цэгцтэй байрлаж  хуримтлагдсан төсвийн мэдээллийг тэр хэлбэрээр болон өөр бусад хэлбэрт чөлөөтэй хувиргаж ашиглах, дамжуулах, түгээх нөхцлийг бүрдүүлж байна.

Орон нутгийн төсвийн мэдээллийн цахим сайтын эрх зүйн зохицуулалт.

Өнөөдрийн байдлаар төсвийн болон төрийн бусад үйл ажиллагаа, үйлчилгээг ил тод нээлттэй болгохыг зохицуулсан хууль, дүрэм, журманд цахим хуудсыг олонтаа дурдсан байдаг ч тодорхой зохицуулалт алга байна. Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн цахим хуудсыг тусгайлан дурьдсан зохицуулалт үндсэндээ байхгүй. Харин дараах хууль журманд төсвийн ил тод, нээлттэй байдалд хамаатай заалтууд оржээ.

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-д:9.1.1.тухайн жилийн төсөв, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төсвийн төслийг өөрийн цахим хуудас болон Монгол Улсын төсвийн ил тод байдал цахим хуудсанд дор дурдсан хугацаанд байрлуулан мэдээллийг иргэд, байгууллага чөлөөтэй авах нөхцөлийг бүрдүүлэх:“Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д: “5.1. Төсвийн байгууллага мэдээллийг олон нийтэд хүргэхдээ мэдээллийн самбар, цахим болон хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглана.5.8. Төсвийн байгууллага цахим хуудастай тохиолдолд тухайн цахим хуудас нь “байгууллагын төсөв” гэсэн цэстэй байна. Энэхүү цэсэнд энэ журмын 3.1-3.5-д заасан мэдээллүүдийг байрлуулж, энэ журмын 4.2-4.3-т заасан хугацааны дагуу тогтмол шинэчилж байна” гэж заасан.Мөн 2006 оноос “Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээнд тендерийн урилга, үр дүнг зарлан мэдээлэх журам” (www.e-procurement.mn сайтын журам) хэрэгжиж “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам” 2013 оны 1-р сард батлагдаад байна.

Загвар цахим сайтууд:

1.Улаанбаатар хотын төсвийн цахим сайт – http://ub2013.wordpress.com

(2012 онд ажиллуулсан туршилтын хувилбар – http://ubtusuv2012.horeca.mn)

2.Баянзүрх дүүргийн төсвийн цахим сайт – http://bzd2013.wordpress.com

(2012 онд ажиллуулсан туршилтын хувилбар – http://bzdtusuv.wordpress.com/)

3.Ховд аймгийн төсөв – http://khovd2013.wordpress.com

(2012 онд ажиллуулсан туршилтын хувилбар – http://khovdtusuv.wordpress.com/)

4.Дөргөн сумын төсөв – http://durgun2013.wordpress.com

(2012 онд ажиллуулсан туршилтын хувилбар – http://durguntusuv.wordpress.com/)

Эдгээр нь орон нутгийн засаг захиргааны нэгж, төр захиргааны байгууллага, төсвийн байгууллагын албан ёсны цахим сайт биш, харин Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүрэгт нэвтрүүлэхээр санал болгож буй загвар юм. Цаашдаа энэ загвар сайтыг үргэлжлүүлж, эсвэл шинээр байгуулж ашиглах ямар ч хувилбар байж болно.

Загвар цахим сайт нь тухайн орон нутгийн нийт төсөв болон төсвийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэсэн, бие даасан байх болно. Ялангуяа орон нутгийн төсвийн байгууллагууд бие даасан цахим сайт ажиллуулахад хүндрэлтэй нөхцөлд энэ нь оновчтой хувилбар байна.

Үүний зэрэгцээ аймаг, нийслэл, дүүргийн төр захиргааны албан ёсны вэб хуудас, түүний дотор төсвийн мэдээллийн буланг ажиллуулахтай харшлахгүй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн төсвийн байгууллагууд цахим хуудастай тохиолдолд тухайн цахим хуудас нь “байгууллагын төсөв” гэсэн цэстэй байна” гэж “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх” журам-д заасныг баримтлан ажиллаж болно. Ийм тохиолдолд загвар цахим сайтаас орон нутгийн албан ёсны болон төсвийн байгууллагын цахим хуудсууд руу шилжих холбоос, баннерийг байршуулах, эсвэл тэнд тавигдсан төсвийн мэдээллийг  авч байршуулах зэргээр уялдаа холбоог хангана. Нөгөө талаар загвар цахим сайт дахь төсвийн байгууллагын дэд хуудсууд нь тухайн байгууллагын төсвийн мэдээллийн хуудасны үүргийг давхар буюу дангаар гүйцэтгэнэ.

Дээр дурьдсан загвар цахим сайтууд нь Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандартын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болно.

Загвар цахим сайтын агуулга

Аймаг, нийслэл, дүүргийн төсвийн мэдээллийн цахим сайт нь тухайн орон нутгийн төсвийн мэдээллийн анхдагч бөгөөд үндсэн эх сурвалж буюу эх үүсвэр байх юм. Энэ нь сумын төсвийн мэдээлэлд хамаарахгүй байж болно.

Монгол Улсын төсвийн хууль тогтоомжийн дагуу орон нутгийн түвшинд тодорхой цаглабарын дагуу боловсруулж гаргах ёстой төсөв, санхүүгийн баримт бичгүүд нь  цахим сайтын агуулгыг тодорхойлно.

Төсвийн баримт бичиг тус бүрийг хэрхэн ил тод болгохыг харуулсан загваруудыг ашиглана.

Цахим сайтад төсвийн бүх үе шатны бүх баримт бичгийг төсвийн цаглабар (mapping)-ын дагуу нийтэлнэ. “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” нь төсвийн байгууллагын зөвхөн батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэлийг олон нийтэд нээлттэй байлгахад хамаарч байгаа тул нэмж төсвийн төлөвлөлт, төсөл, төсвийн хэрэгжилтын явцын ил тод, нээлттэй болгохыг арга хэлбэрт онцгой анхаарал хандуулна.

Орон нутгийн төсвийн байгууллагуудыг энд тус тусын дэд цахим хуудастай болгоно.

Төрийн ба орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд ил тод болгох олон заалт орсон боловч бүгд ерөнхий, ямар нэгэн тодорхой загвар зааж өгөөгүй, нарийвчлан зохицуулсан дүрэм, журам хараахан гараагүй хүлээгдэж байгаа учраас энэ үйл явцыг нээлттэй болгох талбар нь энэхүү цахим сайт байх болно. Худалдан авалт тус бүр өөрийн дэд хуудастай байж худалдан авалтын явцын эхлэл, явц, үр дүнгийн мэдээллийг оруулж хөтлөх зарчмаар ажиллана.

Мөн тухайн орон нутгийн төсөвт хамаарахгүй боловч тус нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа улсын нэгдсэн төсөв, дээд шатны төсөв, дотоод, гадаадын төсөл хөтөлбөрийн төсвийн зарцуулалт, худалдан авалтын мэдээллийг энэ цахим хуудсанд  нийтэлж ил тод, нээлттэй байдлыг хангана.

Цаашид нэгэнт бий болсон сайтын загварыг “Иргэний төсөв” гэсэн агуулгаар хөгжүүлнэ. “Иргэний төсөв”-ийг иргэдэд зориулан ойлгомжтой, хялбар болгож байгаа нэрээр төсвийн баримт мэдээллийг хасч багасган тайлбарласан бус, харин иргэдийн оршин суугаа хот, дүүрэг, хорооны нутаг дэвсгэр, өдөр тутмын амьдралд шууд хамаатай төсвийн мэдээллийг төрөлжүүлэн цуглуулж өгсөн, тийм зардал, зарцуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалтыг задалж харуулсан маш тодорхой төсөв гэсэн утгаар ойлгоно.

Загвар цахим сайтын бүтэц

Орон нутгийн төсвийн мэдээллийн цахим хуудас үндсэн дөрвөн хэсэгтэй байна.

Нэг. Орон нутгийн нийт төсвийн мэдээллийн хэсэг:

Төсвийн төсөл

(хэлэлцүүлгийн хуудас)

Батлагдсан төсөв

Төсвийн гүйцэтгэл

Төсвийн хуваарь

Төсвийн бусад материал.

Хугацаа: “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын дагуу боловсруулсан “Төсвийн ил тод, нээлттэй байдлын хуваарь”-ийг баримтална.

Хоёр. Орон нутгийн төсвийн ангилал ба төсвийн байгууллагуудын төсвийн мэдээллийн хэсэг

Төсвийн ангиллаар

Төсвийн байгууллагуудаар

Хугацаа: “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын дагуу боловсруулсан “Төсвийн ил тод, нээлттэй байдлын хуваарь”-ийг баримтална.      

Гурав. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон улсын төсөв, төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр тухайн орон нутаг хэрэгжсэн, хэрэгжиж байгаа, хэрэгжих худалдан авалтын мэдээллийн хэсэг.

1.Худалдан авалтын жагсаалт, жилийн төлөвлөгөө, хуваарь. Худалдан авалтын нэр, төрөл, хэрэгжих хугацаа зэрэг товч мэдээллийг багтаасан том хүснэгт хэлбэртэй байна. Жилийн худалдан авалт (тендер)-ийн төлөвлөгөө, ангилал, цаглабар (сар сараар, явагдаж дууссан, хэрэгжиж байгаа, хэрэгжиж дууссан, зарлагдсан, үнэлгээ хийгдэж байгаа, зарлагдаагүй буюу удахгүй зарлагдах, сум, дүүрэг, хөрөнгө оруулалтын ангилал гэх мэт),

2.Худалдан авалт тус бүрийн ил тод байдлын хүснэгт. Худалдан авалт тус бүрийн үйл явцыг эхнээс нь дуустал ил тод, нээлттэй болгож хяналт тавих мэдээллийн хүснэгт байна.

Мөн энэ хэсэгт тендерийн явцын тэмдэглэл, тендерийн үр дүн, гүйцэтгэлд хийсэн ажиглалт, мониторингийн мэдээлэл, компаниудын танилцуулга, “хар данс”, бусад мэдээлэл байна.

Дөрөв. Төсвийн бусад мэдээллийн хэсэг

Төсвийн загвар цахим сайт нь төсвийн ил тод, нээлттэй байдлын тухай биш, тухайн орон нутгийн төсвийг шууд ил тод, нээлттэй болгож байх сайт юм. Ийм учраас ил тод, нээлттэй байхыг ухуулсан, зааж зааварчилсан, янз бүрийн тайлан, илтгэл, сурталчилгаа, биш харин төсвийн мэдээлэлд хийсэн тайлбар, дүгнэлт, дүн шинжилгээг байршуулж байх юм. Мөн ил тод байдлыг хангах загвар стандарттай холбоотой арга зүй, аргачлалын материал нийтлэгдэнэ.

Тав. Иргэд, олон нийтийн сэтгэгдэл, санал хүсэлтийн хэсэг  

Төсвийн мэдээллийн цахим сайт нь иргэд, олон нийтийн санал бодол, сэтгэгдлийг хүлээн авч хэлэлцүүлэг өрнүүлэх талбар байна. Хуудас болгонд сэтгэгдэл бичих боломжийг ашиглана. Энэ нь олон нийтийн оролцооны үндсэн суваг байх болно.

Цаашид нийгмийн сүлжээнд холбож ашиглах боломжтой.

Загвар цахим сайтын хуудасны бүтэц

Нэг.

-Загвар сайтын хуудсууд нь төсвийн мэдээллийг байршуулахад зориулан урьдчилж бэлтгэсэн template загварууд байх юм. Тус бүрдээ гурван хэсгээс бүрдэнэ.

1.Гарчиг. Тухайн хуудсанд ямар мэдээлэл орохыг заана.

2.Хуудасны оршил тайлбар (интро) хэсэг. Ил тод, нээлттэй байдлын загвар буюу ямар хууль, дүрмийн дагуу хэзээ, яаж, ил тод нээлттэй болгох тухайн төсвийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох эрх зүйн шаардлагуудыг хуудасны дээд хэсэгт байнга харагдахаар байршуулна.

3.Үндсэн хэсэг. Тухайн хуудсанд байрших төсвийн мэдээллийг хүснэгт, маягт хэлбэрээр харуулсан загвар байна. Түүнийг бөглөх буюу мэдээллээр дүүргэх нь ил тод, нээлттэй болгож байгаа хэрэг юм. Хэрвээ бөглөөгүй бол тэр хэмжээгээр ил тод биш байна гэсэн үг.

Хоёр.

-Загвар хуудсуудыг хувилж ижил төстэй бусад байгууллагуудын template хуудсуудыг үүсгэнэ. Үүнд, орон нутгийн нийт төсөв, төсвийн байгууллага ба төсвийн зардлын зүйл ангийн төсөв, сургуулиудын төсөв, цэцэрлэгүүдийн төсөв, өрхийн эмнэлгүүдийн төсөв, худалдан авалтын төсөв гэх мэтээр хоорондоо төстэй боловч зарим нэг онцлогоор ялгагдах хувилбаруудтай байна.

Хоёр. ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН БУЛАНГИЙН ЗАГВАР

Орон нутгийн төсвийн мэдээллийг иргэд, олон нийт, татвар төлөгчдөд хүргэх цоо шинэ бөгөөд үр дүнтэй арга хэлбэр гэж үзээд номын сан дахь төсвийн мэдээллийн булангийн загварыг санал болгож байна. Энэ нь загвар стандартын хувьд төсвийн мэдээллийн цахим сайтын үргэлжлэл, тэнд байршуулсан мэдээллийг цаасан болон бусад арга, хэлбэрээр олон нийтэд хүргэх бодитой арга байх юм.

Төсвийн мэдээллийн булангийн загварыг сонгох үндэслэл.

Нэг.

Сүүлийн үед төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангахад мэдээллийн самбарт ихээхэн ач холбогдол өгч байгаа болно. 2012 онд батлагдсан “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-д төсвийн байгууллага нь цахим хуудас болон мэдээллийн бусад хэрэгсэл ашиглаж байгаагаас үл хамааран төсвийн байгууллага мэдээллийн самбарыг заавал ажиллуулах, ингэхдээ “мэдээллийн самбарын өргөн болон урт нь 1.5 метрээс багагүй хэмжээтэй байна. Мэдээллийн самбар нь байгууллагын гол хаалганы хажууд эсвэл хаалганы урдаас харсан хананд байрлаж, мэдээллийг шинэчлэх боломжтой байдлаар хийгдсэн байна” гэж нарийвчлан зааснаас гадна тус самбарт тавигдах мэдээллийн бүтэц, шинэчлэх хугацаа, хариуцах албан тушаалтан зэргийг тодорхойлсон байдаг.

Өнөөдөр төр, захиргааны болон төсвийн бүх байгууллагад өргөнөөр ашигладаг мэдээллийн самбар бол тухайн байгууллагын үйл ажиллагаа, хууль журмыг танилцуулж сурталчлах, иргэд, үйлчлүүлэгчид янз бүрийн зар мэдээлэл хүргэх уламжлалт арга хэвээрээ байна. Гэхдээ хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэл, сувгууд өнөөдрийнх  шиг хөгжөөгүй нөхцөлд самбар чухал үүрэгтэй байсныг үгүйсгэхгүй ч одоо тийм байж чадахаа больжээ. Үүнийг дээр дурьдсан журам батлагдсанаас хойш огт хэрэгжихгүй байгаа явдал нотлон харууллаа.

Харин үүний оронд орон нутгийн номын сан дахь төсвийн мэдээллийн булангийн загварыг боловсруулан санал болгож байна.

Хоёр.

Бидний санал болгосон төсвийн мэдээллийн цахим сайт бол хөдөө орон нутаг, ялангуяа хотын захын дүүрэг, мөн хөдөөгийн сумдын иргэд, ер нь мэдээллийн технологи, Интернэтийг ашиглах боломж хангалттай бүрдээгүй хүмүүст хүртээмж муутай нь бодит байдал юм. Тийм хүмүүс төсвийн мэдээллийг нэгдүгээрт, цаасан дээр буулгасан хэлбэрээр, хоёрдугаарт дэргэдээсээ авч байх тийм боломжийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Үүнийг орон нутгийн номын санд төсвийн мэдээллийн булан ажиллуулах замаар хэрэгжүүлнэ.

Эрх зүйн үндэс.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа төсвийн тухай хууль, эрх зүйн баримт бичгүүд дэх төсвийн үйл явц, баримт мэдээллийг ил тод, нээлттэй болгох тухай заалтуудад “… бусад хэлбэрээр ил тод болгоно” гэснийг эс тооцвол төсвийн мэдээллийн булангийн тухай заалт юмуу зохицуулалт хараахан байхгүй.

Гэхдээ бас хориглосон заалт үгүй бөгөөд харин ч мэдээллийн боломжтой бүх арга хэрэгсэл, сувгийг ашиглахыг шаардсан байдаг. Ийм шаардлагад төсвийн мэдээллийн булан бүрэн нийцэж байгаа юм.

Төсвийн мэдээллийн булан, түүний онцлог

Номын сан болон түүнтэй төстэй мэдээллийн нийтийн үйлчилгээний газруудад төсвийн мэдээллийг иргэд, олон нийт, татвар төлөгчид нэг цэгээс үзэж танилцах төдийгүй бодитойгоор ашиглах боломжийг бүрдүүлсэн тусдаа орон зай, тэнд эмх цэгцтэй байршуулж байнга шинэчлэгдэж байдаг төсвийн биет мэдээллийн сан, үйлчилгээ юм.

Орчин үед номын сан гэдэг бол ном, хэвлэлийг төвлөрүүлэн хадгалж, уншлагын танхим болж үйлчилдэг төдий биш иргэд, олон нийтийг төрөл бүрийн өргөн хүрээтэй мэдээллээр хангадаг үйлчилгээний төв болж хувирсан байна. Тэр тусмаа манай номын сангууд бүгд төрийн өмчид байдаг, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг учраас төр, захиргаа болон төсвийн байгууллагуудын мэдээллийг олон нийтэд хүргэх үүрэгтэй гэж хэлж болно.

Төсвийн мэдээллийн самбараас ялгаатай нь номын сан дахь төсвийн мэдээллийн булан өөр нөхцөлд байна.

1.Хүмүүс тав тухтай үйлчлүүлэх боломж хангагдсан. Ширээ сандалтай учраас сууж янз бүрийн, түүний дотор төсвийн мэдээллийг дэлгэж үзэх, нарийвчлан судлах, шаардлагатай бол тэмдэглэж авах зэргээр ажиллана. Хэрвээ тухайн номын санд зохих үйлчилгээ байгаа бол хувилан авч болно. Тэгвэл байгууллагын хананд тогтоосон мэдээллийн самбараас мэдээлэл авахын тулд иргэн хүн удаан зогсоход хүрэх ба бичиж тэмдэглэх боломж муутай.

2.Төсвийн мэдээллийн булангийн материалууд тухайн номын санд бүртгэлтэй нэгж материал болж мэргэжлийн номын санчид зохих аргачлал, стандартын дагуу ангилж хадгалах ба номын сангийн хамгаалалтанд байна. Номын сангийн ажилтнууд төсвийн мэдээллийн буланг шинэчлэх үүргийг хүлээнэ.

3.Мэдээллийн буланг түшиглэж төр, захиргаа, төсвийн ажилтнууд, төрийн бус байгууллагууд дангаараа буюу хамтран иргэд, олон нийт, татвар төлөгчдөд зориулж төсвийн баримт бичиг, үйл явцыг танилцуулах, лекц унших, уулзалт, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах зэргээр төсвийн мэдээллийг ил тод нээлттэй болгож ажиллах өргөн боломж нээгдэнэ.

Санал болгож буй номын сан дахь төсвийн мэдээллийн булан нь иргэд чөлөөтэй ашиглах нөхцлийг бүрдүүлсэн төсвийн мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ байх юм.

Төсвийн мэдээллийн булангийн байршил

Орон нутгийн номын сан гэсэн ойлголтонд албан ёсоор “номын сан” гэж нэрлэгддэг байгууллагууд төдийгүй мэдээллийн үйлчилгээний бусад газруудыг хамааруулна. Үүнд,

Улаанбаатар хот, түүний дүүргүүдэд: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Баянзүрх дүүргийн нийтийн номын сан, Баянгол дүүргийн номын сан (Баянгол дүүргийн ЗДТГ-ын харьяа), Сонгинохайрхан дүүргийн нийтийн номын сан, Чингэлтэй дүүргийн М.Горькийн нэрэмжит нийтийн номын сан. (Дүүргийн нийтийн номын сангууд нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харъяа юм). Хан-Уул дүүргийн соёлын төв буюу тэнд байгуулагдсан Иргэний танхим, Баянзүрх дүүргийн соёлын төв (Жанжин клуб).

Аймгийн төвд: Аймгийн номын сан, аймгийн Иргэний танхим, мэдээллийн төв/Интернэт мэдээллийн төв, дээд ба дунд сургуулийн номын сангууд

Сумын төвд: Соёлын төвийн харьяа номын сан, дунд сургуулийн номын сан

Иймээс энэ төслийн хүрээнд хэрэглэж байгаа “номын сан” гэдэг нэр томъёо нь номын сан дээр нэмж Иргэний танхим, УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах танхим (хэрвээ ажиллаж байгаа бол), соёлын ордон, соёлын төв зэрэг олон нийтэд хандсан мэдээллийн үйлчилгээний газруудыг багтаасан илүү өргөн хүрээтэй ойлголт юм.  Бас дүүргүүд дэх нэг цэгийн үйлчилгээний  танхим,  нийслэлд хорооны нэгдсэн байр, аймгийн төв болон сумдад багийн төвийн байрыг ашиглах боломж бий.

Хамгийн гол нь иргэд нэг цэгт очиж үйлчлүүлэх боломжтой нийтийн үйлчилгээний газар, орон зай байх ёстой.

Төсвийн мэдээллийн булангийн хэлбэр

Нэг. Төсвийн мэдээллийн булангийн биет байдал:

  • Номын сангийн (мэдээллийн төв, иргэний танхим гэх мэт) аль нэг хэсгийн ханан талд, эсвэл буланд төсвийн тусдаа орон зай байна. Булангийн дээд хэсэгт “[Нийслэл, дүүрэг, аймаг, сумын нэр]-ын төсвийн мэдээллийн булан“ гэсэн хаяг байна.
  • Булангийн үндсэн хэсэг нь төсвийн баримт материал, ном товхимолыг байрлуулсан тусгай тавиур байна. Тавиурын дээд хэсэгт нь тухайн орон нутгийн төсвийн шинэ мэдээлэл, харин доод хэсэгт өмнөх төсвийн буюу архивлагдсан материалууд байршина.
  • Тавиурт байгаа бүх баримт материалын жагсаалт (товьёог, баримт материал тус бүрийн агуулга гэх мэт)-ыг тусад нь хэвлэж ил байршуулан байнга шинэчилж байна.
  • Тавиурын дэргэд уншигчид төсвийн баримт мэдээллийг ашиглахад зориулсан  ширээ, сандал байрлуулна. Тухайн номын сангийн зай талбайгаас хамааран нэгээс илүү байж болно. Төсвийн баримт мэдээллийг зөвхөн булангийн дэргэд биш, бас номын сангийн бусад ширээнд аваачиж уншиж ашиглаж болно.
  • Тухайн орон нутгийн боломжоос хамааран төсвийн мэдээллийн цахим сайтыг үзэж болох компьютерийн дэлгэц, мөн мэдээллийн дэлгэцийг энд байрлуулан ашиглаж болно.

Төсвийн мэдээллийн булангийн агуулга ба бүтэц

Орон нутгийн төсвийн ил тод нээлттэй байдлын эрх зүйн хүрээний тойм судалгаагаар гаргасан зураглал (mapping)-ийн дагуу бэлтгэж тухайн аймаг, нийслэл, дүүргийн төсвийн мэдээллийн загвар цахим сайтад байршуулсан мэдээллээс сонгон хэвлүүлж төсвийн мэдээллийн буланд байршуулж байна.

Сайтын бүх мэдээллийг цаасан дээр хэвлэх боломжгүй учраас хамгийн чухал, иргэд олон нийт хамгийн түрүүнд мэдэх шаардлагатай шинэ мэдээллийг сонгоно.

Мөн орон нутгийн төсөв, төсвийн үйл явцын холбогдолтой баримт бичиг, тэдгээрт хийсэн дүн шинжилгээ, “Иргэний төсөв”, сонин сэтгүүлийн нийтлэл, гарын авлага зэргийг байршуулж болно.

Төсвийн мэдээллийн буланд байршуулах мэдээллийн жагсаалт:

АГУУЛГА Хэлбэр, хэмжээ
1. Тавиурт байгаа баримт мэдээллийн жагсаалт А4 цаасан дээр хэвлэнэ
2. Тухайн орон нутгийн төсвийн цахим сайтад байгаа мэдээллийн жагсаалт А4 цаасан дээр хэвлэнэ
3. Тухайн цахим сайтын Интернэтийн хаяг -А4 цаасан дээр томоор бичсэн-Нэрийн хуудасны хэмжээтэй цаасан дээр хэвлэнэ (Иргэд өөртөө авч хадгалах зориулалттай)
4. -Тухайн орон нутгийн жилийн төсөв, төсвийн хуваарь, төсвийн гүйцэтгэлийн явц-Өмнөх оны төсвийн гүйцэтгэл А4 цаасан дээр хэвлэсэн“Нийслэл (аймаг, дүүрэг, сум)-ийн төсөв” нэртэй хавтсанд, хуудас нэмж хасч байх боломжтойгоор үднэ
5. Орон нутгийн төсвийн байгууллагуудын төсвийн мэдээлэл А4 цаасан дээр хэвлэсэн“Төсвийн байгууллагуудын төсөв” нэртэй хавтсанд, хуудас нэмж хасч байх боломжтойгоор үднэ
6. -Тухайн орон нутгийн худалдан авалтын жилийн төлөвлөгөө, хуваарь-Худалдан авалт тус бүрийн ил тод, нээлттэй байдлын хүснэгт А4 цаасан дээр хэвлэсэн.“Худалдан авалт” нэртэй хавтсанд, хуудас нэмж хасч байх боломжтойгоор үднэ
7. Орон нутгийн төсвийн холбогдолтой бусад баримт материал, гарын авлага, сурталчилгаа Байгаа хэлбэр, хэмжээгээр нь тавина.

Загвар мэдээллийн булангууд

Орон нутгийн дараах номын сангуудыг эхний ээлжинд сонгон авч  төсвийн мэдээллийг буланг загвар хэлбэрээр байгуулсан болно. Эдгээр нь  Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Баянзүрх дүүргийн нийтийн номын сан, Ховд аймгийн нийтийн номын сан, Дөргөн сумын Соёлын төвийн номын сан болно.

Тэнд биетээр байгуулж туршсан төсвийн мэдээллийн булангууд нь бусад аймаг, дүүрэг, сумдад санаа авах, туршлага болохуйц ач холбогдолтой. Хэрвээ өөрийн биеэр очиж үзэх боломжгүй бол https://iltodtusuv.wordpress.com сайтаас зураг, тайлбарыг зэргийг үзэж танилцаж болно.

Гурав. ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН БУСАД ХЭЛБЭРҮҮД

Цахим сайт ба мэдээллийн булангаас гадна ил тод, нээлттэй байдлын бусад арга хэлбэр (мэдээллийн самбар, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох сонин, сэтгүүл, радио, телевизийн мэдээ, сурвалжлага, ярилцлага, хэлэлцүүлэг, хэвлэмэл хуудас, сонин бичиг (newsletter), зарын самбар, гар утасны мессеж, нийгмийн сүлжээ, захидал, нүүр тулсан уулзалт, ярилцлага, лекц, хэлэлцүүлэг, өдөрлөг, аян, “Шилэн түрийвч”,  зэрэг төсвийн холбогдолтой арга хэмжээнүүд, мониторинг, үнэлгээ, судалгаа, “Иргэний төсөв” гэх мэт)-ийг загвар стандартын хүрээнд авч үзээгүй болно. Учир нь эдгээр арга хэлбэрүүд хамрах хүрээ, шуурхай байдал, багтаамж, мөн тогтвортой байдал зэрэг анхдагч шинж чанарын хувьд хувьд цахим сайт ба мэдээллийн буланг гүйцэхгүй, харин нэгэнт ил тод, нээлттэй болсон төсвийн мэдээллийг бүхэлд нь буюу хэсэгчлэн дэлгэрүүлэх, нийгмийн тодорхой хэсэг бүлэг, хувь хүмүүст тусгайлан хүргэх, үнэлж дүгнэх зэргээр ашиглах процесс буюу дараачийн үе шатанд илүү хамаарах тул загвар стандартаас тусад авч үзнэ.

Үүгээрээ дээр дурьдсан арга, хэлбэрүүдийн ач холбогдлыг үгүйсгээгүй бөгөөд орон нутгийн нөхцөл байдал, боломжинд нийцүүлэн төсвийн ил тод байдлыг цааш гүнзгийрүүлэхэд бүтээлчээр ашиглахад ямар нэгэн хязгаарлалт байх ёсгүй.

Дөрөвдүгээр хэсэг

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫН ЗАГВАР СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ (ГАРЫН АВЛАГА)

1.ЗАГВАР СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ҮНДСЭН ЗАРЧИМ

Нэг.

Нэг талаас орон нутгийн төр, захиргаа, төсвийн байгууллагууд, нөгөө талаас иргэд, олон нийт, тэдгээрийг төлөөлсөн төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлана.

Хоёр.

Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандартыг хэрэгжүүлэх нь төсвийн мэдээллийн цахим сайт ба номын сан дахь төсвийн мэдээллийн буланг ажиллуулах хэлбэрээр явагдана.

Гурав.

Зардал, цаг хугацаа, хүний нөөцийг хамгийн бага шаардсан ажлын оновчтой зохион байгуулалтыг  сонгоно.

Дөрөв.

Эцсийн үр дүнд буюу тухайн орон нутгийн төсвийг бодитойгоор ил тод болгоход чиглэнэ.

2.ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САЙТЫГ АЖИЛЛУУЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БА АРГАЧЛАЛ

Төсвийн мэдээллийн цахим сайтын зөвлөл

Орон нутгийн төсвийн төсөл, төлөвлөгөө, батлагдсан төсөв, гүйцэтгэлийн мэдээллийн анхдагч эх сурвалж болохоос гадна цуглуулж тайлагнах, төсвийн үйл явцыг зохион байгуулах үүрэгтэй аймаг, нийслэл, сум, дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтэс, ажилтнууд уг цахим сайтыг ажиллуулахад гол үүрэгтэй оролцох нь зүйтэй.

Нөгөө талаас, зөвхөн Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүрэн мэдэлд байх нь учир дутагдалтай бөгөөд орон нутгийн иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын жигд оролцоог хангасан, ингэхдээ тал талаасаа хувь нэмрээ оруулдаг, харилцан хяналт тавьдаг хамтын ажиллагааны талбар байх нь илүү үр дүнтэй.

Үүний тулд төсвийн мэдээллийн цахим сайтыг тогтвортой ажиллуулах замаар төсвийн ил тод, нээлттэй байдлыг бодитойгоор хангах  үүрэг хүлээсэн цахим сайтын зөвлөл байгуулахыг санал болгож байна.

Зөвлөлд дараах дөрвөн чиглэлийн төлөөлийг оролцуулж болно.

1.Орон нутгийн захиргааны санхүү, төрийн сангийн хэлтсийн төлөөлөл

2.Орон нутгийн захиргааны олон нийттэй харилцах албаны төлөөлөл

3.Төсвийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл

4.Хэвлэл мэдээллийн төлөөлөл

5.Бизнес эрхлэгчид буюу татвар төлөгчдийн төлөөлөл

6.Мэдээллийн технологийн мэргэжилтний төлөөлөл

Зөвлөл нь цахим сайтыг ажиллуулах үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ. Ийм учраас цахим сайтад мэдээлэл оруулах үүрэгтэй ажилтныг уг зөвлөлд заавал багтаана.

Чухам ямар төлөөллийг хичнээн тоотой оролцуулж бүрдүүлэхийг тухайн орон нутгийн хэмжээнд шийдвэрлэнэ. Хэт олон хүнтэй зөвлөл байгуулахаас зайлсхийх хэрэгтэй. Баримтлах зарчим гэвэл төсвийн тунгалаг байдлын ач холбогдол, шаардлагыг сайтар ойлгож хүлээн зөвшөөрсөн, төсвийн чиглэлээр аль болох дагнаж ажилладаг хүмүүс байна. Зөвлөлийн ажиллах журам, түүний дотор ажил үүргийн хуваарь, хуралдааны дэг, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан журам боловсруулан мөрдөж болно.

Зөвлөлийг төсвийн ил тод байдлын зөвлөл гэх мэтээр өөрөөр нэрлэж болно. Гэхдээ төсвийн цахим  сайтыг байгуулж ажиллуулах үндсэн үүрэгтэй байх учиртай.

Төсвийн мэдээллийн цахим сайт байгуулах шийдвэр гаргах

Цахим сайт байгуулах санаачлагыг Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргана. Хэрвээ тийм санаачлага гараагүй удсан тохиолдолд олон нийт, төрийн бус байгууллагуудын зүгээс хүсэлт шаардлага тавина.

Дараа нь дээд шатны удирдлагад танилцуулж дэмжлэг авах нь зүйтэй. ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, эсвэл Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын аль ч түвшинд төсвийн мэдээллийн цахим сайт байгуулах албан ёсны шийдвэр гаргуулах боломжтой. Эдгээрийн хооронд зарчмын ялгаа байхгүй гэж үзлээ.

Цахим сайтын домэйн нэрийг авах

Цахим хуудсыг албан ёсоор ажиллуулж эхлэхийн өмнө оновчтой буюу тогтоох болон бичиж тэмдэгдэхэд аль болох хялбар домэйн нэрийг сонгож авах нь зүйтэй. Тэгвэл хэрэглэгчид буюу иргэд, олон нийт мэдэж авах, тогтоох, будлихгүй байх, улмаар байнга ашиглаж байх урьдчилсан нөхцөл бүрдэнэ.

“Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн хүрээнд wordpress.com блог сервисийг ашиглан туршиж журмаар байгуулсан загвар сайтын хаяг нь – танайсонгосоннэр.wordpress.com гэсэн хоёрдугаар түвшний, уртавтар байдаг. Харин нэгдүгээр төвшний тусгайлсан домэйн нэр авснаар  түүгээр дамжин загвар сайт руу орох, эсвэл тусдаа цахим сайтын хаяг болгож ашиглах боломж нээгдэнэ.

Монгол Улсад Интернэтийн домэйн нэр олгох үйл ажиллагааг эрхэлдэг “Датаком” ХХК-ийн www.datacom.mn  сайтаас шаардлагатай лавлагааг авч болно.

Тусдаа цахим сайт уу,  эсвэл …

Төсвийн мэдээллийн цахим сайтыг бие даасан сайт хэлбэрээр байгуулж ажиллуулахыг зөвлөж байна.

Гэхдээ тийм сайт ажиллуулах нөхцөл хараахан бүрдээгүй үед тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн төр, захиргааны албан ёсны цахим сайтын нэг хэсэг – төсвийн мэдээллийн дэд сайт хэлбэрээр ажиллуулж болно. Энэ тохиолдолд бусад мэдээлэлтэй холилдоогүй, сайтын эхний нүүрэн дээрээс нүдэнд харагдахуйц тусгай  цэс (баннер)-аар нэвтэрч ордог байх шаардлагатай. Нэвтэрч ороход ил тод байдлын шаардлага буюу загвар стандартад нийцсэн иж бүрэн сайт нээгдэх учиртай.

Харин тусдаа сайт байгуулсан тохиолдолд албан ёсны сайт дээрээс линк буюу баннер ашиглан нээж орох боломжийг хангах нь зүйн хэрэг болно.

Цахим сайтыг загварыг сонгох

Орон нутгийн албан ёсны цахим сайтын нэг хэсэг байх, эсвэл тусдаа сайт хоёрын аль ч хэлбэрийг сонгож авснаас үл хамааран “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар” стандарт” төслийн хүрээнд боловсруулж  түүнийгээ Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот, Ховд аймаг ба Дөргөн сумын 2012 оны төсвийн мэдээллийн жишээн дээр туршсан цахим сайтын загвар, аргачлалыг ашиглахыг санал болгож байна.

Энэ нь WordPress хэмээх Интернэтийн сервисийг ашиглан байгуулсан загварууд бөгөөд агуулга, хэлбэр, хаяг зэргийг төсвийн мэдээллийн цахим  сайтын тухай хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан болно. Интернэтийн дундаж хэрэглэгчид өөрсдийн мэдээллийг чөлөөтэй байршуулан бусдад хүргэх зорилгоор хувь хүний хувьд ашиглах боломжтой буюу харьцангуй хялбар, ямар нэгэн үнэ төлбөргүй, олон тооны бэлэн загваруудаас аль нэгийг сонгож болдог, тэгсэн хэрнээ хэсэг бүлэг хүмүүс, байгууллагууд олон нийтэд хандаж их хэмжээний мэдээллийг түгээх боломжийг олгодог тийм үйлчилгээ юм. Хийц загварын хувьд зарим нэг хязгаарлалтыг эс тооцвол томоохон цахим сайт, портал сайтаас зарчмын ялгаа үгүй болно. Интернэтийн хаяг нь  танайсонгосоннэр.wordpress.com байдаг.

Энэ бүхэн орон нутгийн хэмжээний төсвийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахын зэрэгцээ ямар ч ажил, мэргэжлийн хүн ашиглаж мэдээллээ оруулж шинэчлээд явж чадахуйц энгийн, бас олон хүн зэрэг ашиглаж багаар ажиллах боломжийг олгодог онцлогтой. Бас Интернэтээр бизнес хийх арилжааны үйл ажиллагаанд зориулагдаагүй, нийгмийн шинжтэй байдаг нь төсвийн мэдээллийн ил тод болгоход илүү тохирно.

[Орон нутгийн төсвийн мэдээллийн цахим хуудсыг wordpress.com блог сервис дээр байгуулах ба хөтлөх зааврыг хавсаргав – 12 хуудас]

Цаашдаа цахим сайтад тавигдсан мэдээллийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр цахим хуудасны бүтэц, ангилал болон бусад зүйлийг туршиж эцэслэсний дараа WordPress-ын илүү боловсронгуй, тусдаа цахим сайт байгуулах боломж олгодог хувилбар болох CMS (Content Management System)-д суурилсан бүрэн хэмжээний портал сайтад шилжүүлж болно. Ийм сайтыг өөрийн хүссэн загвар дизайнаар бүтээх боломжтой. Ийм тохиолдолд тусдаа вэб дизайнерийн ажлын хөлс, Интернэтэд байршуулах (hosting) төлбөр зэрэг нэмэлт зардлууд шаардагдана.

Гэхдээ ингэж шилжихийг яарахгүй байхыг зөвлөж байна. Яагаад гэвэл иж бүрэн цахим сайтыг хөтлөх, ямар нэгэн өөрчлөлт хийж шинэчилж байхын тулд заавал мэргэжлийн вэб дизайнерт хандах буюу тийм хүнийг ажиллуулах шаардлагатай.

Загвар стандартыг дагах уу, эсвэл … 

Орон нутгийн төсвийн мэдээллийн цахим сайтыг байгуулж бүтэц, агуулгыг тодорхойлохдоо энэхүү загвар стандартыг баримтлахыг зөвлөж байна. Учир нь загвар стандартыг бүрдүүлж байгаа 37 загвар нь төсвийн холбогдолтой хууль тогтоомжийн заалтад үндэслэсэн, энэ утгаараа заавал биелүүлэх ёстой эрх зүйн шаардлага болно.

Гэхдээ эхний үед загваруудыг нэгбүрчлэн дагаж мөрдөхөд янз бүрийн шалтгаанаар хүндрэлтэй байж болохыг үгүйсгэхгүй. Жишээлбэл, хуулийн зарим заалт маргаантай, өөр хоорондоо зөрчилтэй, тухайн орон нутагт хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй гэх мэт. Ийм тохиолдолд загвар стандартын үндсэн зарчим болон зарим чухал ач холбогдолтой загваруудыг эхний ээлжинд ашиглан цахим сайтынхаа бүтэц, агуулгыг бүрдүүлж болох юм.

Ямар ч тохиолдолд орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандартыг нарийвчлан судлахыг зөвлөж байна. Бүгдийг 100 хувь дагаж мөрдөхгүй байж болох ч тодорхой загваруудыг цааш нарийвчлах буюу баяжуулах замаар сайжруулах, магадгүй өөрийн орон нутгийн онцлогт илүү нийцсэн шинэ загварыг бий болгож ашиглахыг үгүйсгэхгүй.

Цахим сайтын хэн хөтөлж ажиллуулах.   

Орон нутгийн төсвийн мэдээллийн цахим хуудсыг тухайн нийслэл, дүүрэг, аймаг, сумын төр, захиргааны байгууллага, юуны өмнө ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс хариуцаж ажиллуулах нь зүйтэй. Гэхдээ тус хэлтэс юуны өмнө мэдээллийн эх сурвалж болж шаардлагатай мэдээллээр хангадаг, харин мэдээллийг цахим сайтад оруулах, тус сайтыг загвар стандартын дагуу шинэчилж тогтвортой ажиллуулахыг бусад ажилтанд хариуцуулж болно.

Тухайлбал, орон нутгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийт, төрийн бус байгууллагатай харилцах асуудлыг хариуцсан болон мэдээллийн технологи, эсвэл албан ёсны сайт хариуцсан алба, хэлтэс байх боломжтой.

Зарим ажил үүргийг төрийн бус байгууллагад хариуцуулж болно. Тодруулбал, төрийн бус байгууллагууд нь тус цахим сайтын үйл ажиллагаа загвар стандартын дагуу явагдаж байгаа эсэхийг ажиглах, мөн хөрөнгө оруулалт, худалдан авалтын явц үр дүн ямар байгааг газар дээр нь үзэж “Төсвийн худалдан авалтын ил тод байдлын хүснэгт”-энд оруулах үүргийг хүлээнэ.

Цахим сайт дахь орон нутгийн төсвийн байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээд (гол төлөв компани байдаг)-ийн мэдээллийн хэсгийг тухайн байгууллагууд өөрсдөө хариуцаж хөтлөх буюу мэдээллээ оруулах, эсвэл ирүүлж байх нь мэдээлэл баталгаатай байхаас гадна жигд оролцоог хангах ач холбогдолтой.

Ингэж хамтран ажиллах нь том ажлыг өөрсдийн хүч боломжинд тохируулан хуваан авч харьцангуй хялбар гүйцэтгэх замаар тус тусын хувь нэмрйг оруулах, улмаар харилцан туслах, бас хянах боломжийг олгож эцсийн дүндээ тогтвортой байдлыг хангах үндсэн нөхцөл болно.

Ер нь төсвийн мэдээллийн цахим сайтын зөвлөлийн зүгээс цахим сайтыг хамтран ажиллуулах журмыг өөрийн онцлогт нийцүүлэн боловсруулж мөрдөх нь зүйтэй.

Шаардагдах зардал ба ажил үүргийн хуваарийг шийдвэрлэх

Төсвийн мэдээллийн цахим сайтыг байгуулж байнга хөтлөн явуулахад тодорхой хүн хүч, цаг хугацаа шаардагдах хэдий ч бидний санал болгож буй цахим сайтын загварыг үнэ төлбөргүй буюу хамгийн бага зардалтай байхаар сонгосон болно.

Орон нутгийн төр захиргааны байгууллагын хувьд өөрсдийн зүгээс оролцох хүмүүсийн ажил үүргийн хуваарь ба ажлын байрны тодорхойлолтод төсвийн мэдээллийн цахим сайтад мэдээлэл бэлтгэж оруулах ажлыг тусгах, ажлын ачааллыг тооцоолж  зохицуулах нь зүйтэй. Тэгвэл нэмэлт зардал гарсан  ч тэр нь хамгийн бага, ЗДТГ-ын төсөв зардлаас гаргахад хүндрэл учрахгүй.

Нөгөө талаас орон нутгийн төр, захиргааны байгууллагын төсөвт зардлын зүйл болж ордог “хэвлэл мэдээлэл, сурталчилгааны” гэсэн зардлыг өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ байгуулж сурталчлгаа хийлгэхэд зориулж байгааг өөрчилж зарим хэсгийг нь төрийн мэдээлэл, юуны өмнө төсвийн мэдээллийг ил тод, нээлттэй болгоход зарцуулахыг санал болгож байна. Тухайлбал, зохих зардлыг гарган төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зарчмыг ашиглах боломжтой.

Төсвийн мэдээллийн цахим сайтыг ажиллуулах гол зарчмыг дахин сануулахад

Төсвийн мэдээллийн цахим сайтыг юуны өмнө жишиг загвар буюу бидний хүрэх ёстой стандарт гэж үзэх ёстой. Энэ нь орон нутгийн төсөв, төсвийн байгууллагуудын цэгцтэй ангилал, төсвийг ил тод болгох загвар бүхий template хуудсуудыг урьдчилан бий болгож түүний дагуу мэдээллээ байршуулахаас эхлэнэ.

Эндээс төсвийн аль байгууллага нээлттэй эсвэл хаалттай, ямар мэдээлэл байгаа, эсвэл байхгүй, хагас дутуу, задаргаагүй байгаа нь шууд харагдах учиртай юм. Хэрвээ мэдээлэл байхгүй бол тэр загвар бөглөгдөөгүй, хуудас нь хоосон харагдана. Хэрвээ тухайн орон нутаг, төсвийн байгууллагууд төсвийн ил тод, нээлттэй байдлыг бодитойгоор хангаж байгаа бол тус тусын хуудсууд тэнд байгаа загварын дагуу дүүрэн байх учиртай.

Төсвийн мэдээллийн цахим сайтыг орон нутгийн төсвийн холбогдолтой ямар ч хамаагүй мэдээллээр дүүргэх нь буруу, эцсийн дүндээ жинхэнэ ил тод, нээлттэй байдлыг оромдсон хэрэг болохыг анхаарна уу.

а.Улаанбаатар ба түүний дүүрэгт хэрэгжүүлэх (онцлог)

Нийслэл Улаанбаатар хотод төсвийн мэдээллийг янз бүрийн хэлбэрээр хүргэдэг хэд хэдэн цахим сайт, тухайлбал албан ёсны www.ulaanbaatar.mn, (Засаг даргын тамгын газар ажиллуулдаг), нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын http://citycouncil.mn, нийслэлийн Засаг даргын http://www.mayor.mn/,  нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн www.cityhall.gov.mn, мөн нийгмийн сүлжээнд тулгуурласан “Нээлттэй Улаанбаатар” (https://www.facebook.com/ub.gov) цахим хуудас байна. Ялангуяа www.ulaanbaatar.mn сайтад батлагдсан төсөв ба сарын гүйцэтгэлийг нийтэлдэг “Нээлттэй мэдээлэл” гэсэн тусгай булантай. Гэхдээ эрх зүйн шаардлага буюу Загвар стандартын үүднээс авч үзвэл хангалтгүй бөгөөд хэд хэдэн сайтаас эрх хайхад хүрч байгаагаас гадна төсвийн бусад мэдээлэл орхигдож байна. Иймд төсвийн мэдээллийг нэг цэгээс авах тийм тусдаа цахим сайт ажиллуулах нь нь илүү үр дүнтэй. Ийм боломж нийслэл хотод бүрэн хангалттай.

Дүүргүүд тус тусдаа цахим сайттай байх боломжтой тул нийслэлийн цахим сайтад дүүргийн төсвийн мэдээллийг байршуулахын оронд холбоосыг зааж өгөх нь илүү үр дүнтэй.

б.Аймагт хэрэгжүүлэх (онцлог)

Аймгийн төсвийн мэдээллийн цахим сайт зайлшгүй шаардлагатай. Учир нь аймгуудын албан ёсны сайтууд нутаг орны  үйл явдлыг мэдээлэх ба төр захиргааны ажлыг сурталчлах, харин төсвийн байгууллагын байгаа хэдэн сайт нь танилцуулгаас хэтрэхгүй байгаа тул орон нутгийн төсвийг мэдээллийг нэг цэгт цуглуулж харуулах нь зөв юм.

в.Суманд хэрэгжүүлэх (боломж ба онцлог)

Сумын төвшинд төсвийн мэдээллийн байтугай нийтлэг цахим сайт байгуулж ажиллуулах явдал ихэнх тохиолдолд хүндрэлтэй буюу боломжгүй учраас  оронд нь аймгийн төсвийн мэдээллийн цахим сайтад сумдын мэдээллийн буланг бий болгох нь оновчтой.

3.НОМЫН САНД ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН БУЛАН АЖИЛЛУУЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ БА АРГАЧЛАЛ

Төсвийн мэдээллийн булангийн зөвлөл

Орон нутгийн нийтийн номын сан ба соёлын төвийн номын сан дахь мэдээллийн буланг цахим сайтын нэгэн адил талуудын хамтын ажиллагаанд тулгуурлаж ажиллуулна. Үүний тулд төсвийн мэдээллийн  буланг ажиллуулах зөвлөлийг байгуулна. Зөвлөл нь буланг байгуулах, тогтвортой ажиллагааг хангах, сайжруулах, хяналт тавих үүрэг хүлээнэ.

Төсвийн мэдээллийн булан өөрөө мэдээллийн эх үүсвэр болохгүй, харин цахим сайтад тавигдсан мэдээллээс сонголт хийж цаасан хэлбэрт буулгаж, Интернэтэд холбогдох боломжгүй иргэдэд биет хэлбэрээр хүргэх зорилготой тул төр, захиргааны байгууллагаас харьцангуй ангид байх нь зүйтэй. Гэхдээ мэдээллийн буланг ажиллуулах талаар орон нутгийн төр захиргааны байгууллагад заавал мэдэгдэнэ. Энэ нь зөвшөөрөл авна гэсэн үг биш юм.

Зөвлөл нь мэдээллийн буланг ажиллуулах үүргийг хүлээх ба дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд,

1.Номын сангийн эрхлэгч (суманд бол соёлын төвийн эрхлэгч) ба хариуцсан номын санч

2.Төсвийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл

3.Уншигчийн төлөөлөл

4.Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлөөлөл (заавал биш)

Зөвлөл байгуулах албан ёсны шийдвэрийг номын сангийн дарга, эрхлэгч гаргаж бүрэлдэхүүнийг батлах нь зүйтэй.

Мэдээллийн булан нь орон нутгийн нийтийн номын сан ба соёлын төвийн номын сангийн дотоодод байрлах учраас түүнийг байгуулж ажиллуулахад номын сангийн ажилтан, мэргэжлийн номын санчид гол үүргийг гүйцэтгэнэ.

Төсвийн мэдээллийн булангийн хэлбэр, загварыг сонгох

“Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан, Ховд аймгийн нийтийн номын сан ба Дөргөн сумын нийтийн номын санд байгуулан хүлээлгэж өгсөн төсвийн мэдээллийн булан нь зөвхөн санал болгож буй загвар бөгөөд нутаг орны онцлог ба боломжийн дагуу дурын хэлбэр загвартай байх боломжтой.

Мэдээллийн булан нь тогтвортой байршилтай байх ба нийтийн уншлагын танхимын аль нэг тодорхой хэсэгт байрлана. Булангийн үндсэн хэсэг нь цаасан мэдээлэл байрлуулах тавиур байна. Сэтгүүлийн, эсвэл номын тавиурыг ашиглана. Зарим тохиолдолд ширээн дээр дэлгэж болно. Буланд тавигдсан мэдээллийг авч ашиглахдаа суух, бичих тэмдэглэх нөхцлийг бүрдүүлсэн ширээ сандлыг дэргэд нь тавих ёстой.

Төсвийн мэдээллийн булангийн эзэмшил.

Төсвийн мэдээлэл байрлуулах тавиур, уншиж ашиглах ширээ, сандал зэрэг нь тухайн орон нутгийн номын сангийн өмч, баримт материалууд нь номын сан (мэдээллийн төв, Иргэний танхим гэх мэт)-гийн хадгалалтын нэгж байна. Номын сангийн зүгээс энэхүү буланг хариуцсан номын санч буюу ажилтныг томилсон байна. Түүний ажил үүргийн хуваарь ба ажлын байрны тодорхойлолтод мэдээллийн буланг хамруулна.

Мэдээллийн буланг ажиллуулах журам

Буланг ажиллуулах аргачлал, процедурийг багтаасан журмыг хамтран боловсруулж номын  сангийн дарга, суманд бол соёлын төвийн эрхлэгчээр батлуулан дагаж мөрдөнө. Журамд, мэдээллийн буланг хариуцах ажилтны үүрэг, ямар хугацаанд хэрхэн шинэчлэх, хэдэн хувь хэвлүүлж тавих зэргийг нэг бүрчлэн заасан байна.

Мэдээллийн булангийн агуулга, мэдээллийг шинэчлэх

Зөвхөн төсвийн мэдээллээр дагнасан байна. Тэгэхдээ төсөвтэй холбоотой ямар ч хамаагүй бус, загвар стандартын дагуу бэлтгэсэн мэдээллийг тэргүүн ээлжинд байршуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн төсвийн мэдээллийн цахим сайтад тавигдсан мэдээллээс сонголт хийж хэвлэн тавьдаг байх зарчмыг баримтална. Булангийн мэдээллийг загвар стандартын цаглабарын дагуу байнга шинэчилж байх ба хуучирсан мэдээллийг стандартын дагуу архивлаж хадгална. Хэрвээ иргэнд шаардлагатай мэдээлэл тухайн үед байхгүй бол цахим сайтад байгаа эсэхийг лавлаж мэдэх боломжоор хангана. Үүний тулд, мэдээллийн буланд байршуулсан болон цахим сайтаас авч болох бүх мэдээллийн товьёог бэлтгэсэн байна. Иргэний хүсэлтээр цахим сайтад байгаа мэдээллийг хайж хэвлэж өгөх үйлчилгээг зохион байгуулж болно.

Мөн төсвийн асуудлаар  иргэдийн санал, тодорхой мэдээлэл бэлтгэж тавихыг хүссэн хүсэлтийг тусгай маягт, эсвэл санал хүсэлтийн дэвтэр хэлбэрээр авч гүйцэлдүүлж байна.

Мэдээллийн буланд түшиглэсэн үйл ажиллагаанууд.

Төсвийн мэдээллийн буланг түшиглэн тухайн номын сан, орон нутгийн төр захиргааны байгууллага, төрийн бус байгууллагууд тусгай төлөвлөгөө гаргаж иргэд, олон нийт, татвар төлөгчдөд хандсан арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, тус тусын орон нутгийн төсвийн мэдээллийн төвийн үүргийг гүйцэтгэнэ.

Үүнд,

-Орон нутгийн төсвийн төслийн талаар танилцуулга

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө жагсаалтыг хэлэлцүүлэх арга хэмжээ

-Төсөв, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар санхүү, төрийн сангийн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдын лекц, семинар.

-Төрийн бус байгууллагуудын зүгээс төсвийн чиглэлээр хийсэн ажил, мониторингийн дүнг танилцуулах арга хэмжээ, хэлэлцүүлэг

-Орон нутгийн худалдан авалтын явцын талаар мэдээлэл

-Орон нутгийн батлагдсан төсөв, тодотголыг танилцуулах хэвлэлийн хурал гэх мэт

Мэдээллийн буланг ажиллуулах зардал.

Номын сан дахь төсвийн мэдээллийн буланг ажиллуулахад шаардагдах зардал (хэвлэх олшруулах, номын санчийн нэмэлт урамшуулал гэх мэт)-ыг номын сангийн төсөвт багтаан тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр нэмж тусгах замаар шийдвэрлэх боломжтой. Ширээ сандал нэмэх, компьютер авах, Интернэтэд холбох, мэдээллийн дэлгэц, хувилагч авах зардал мөнгийг дэс дараатай шийдвэрлэж болно.

а.Улаанбаатар ба түүний дүүрэгт хэрэгжүүлэх (онцлог)

Улаанбаатар хотын Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн төв номын сан дахь мэдээллийн буланг загвар стандартад бүрэн нийцүүлж ажиллуулах, үйл ажиллагааны янз  бүрийн загвар, арга хэлбэрийг санаачилж турших, эдгээрт тулгуурлан төсвийн мэдээллийн үйлчилгээний арга зүйн төвийн үүргийг гүйцэтгэнэ. Юуны өмнө төсвийн мэдээллийн буланг ажиллуулах журмыг боловсруулж гаргах шаардлагатай бөгөөд тус номын санд харъяалагддаг дүүргүүдийн номын сангууд тэрхүү журмыг мөрдөж ажиллана.

Цаашид төсвийн мэдээллийн буланг нийслэлд бий болж байгаа дүүрэг, хороодын зэрэг Иргэний танхимуудад байгуулж ажиллуулах боломж бий.

б.Аймагт хэрэгжүүлэх (онцлог)

Одоогийн хууль журмын шаардлага ба тогтсон уламжлалаар орон нутагт төсвийн мэдээллийг олон нийтэд хүргэх үндсэн арга гэж тооцогддог мэдээллийн самбарыг үр дүнтэй ашиглаж чадахгүй, тийм боломж хязгаарлагдмал нөхцөлд аймгийн төвийн нийтийн номын санд төсвийн мэдээллийн буланг байгуулж ажиллуулах явдал илүү үр дүнтэй.

Тэр тусмаа төсвийн байгууллага болгон тусдаа цахим сайт ажиллуулах боломж  хязгаартай, дээрээс нь аймгийн төсвийн мэдээллийн цахим сайтыг иргэд үзэж ашиглах боломж нийслэл, дүүргийнхээс бага учраас энд байрлах мэдээллийн булангийн ач холбогдол улам өндөр болж байна.

Аймгийн төсвийн мэдээллийн цахим сайтын шууд үргэлжлэл, илүү олон хүмүүст хүргэх арга нь энэхүү булан юм.

в.Суманд хэрэгжүүлэх (онцлог)

Сумдын соёлын төвийн харъяанд байдаг номын санд тухайн сумын нийт болоод төсвийн тодорхой хэдэн байгууллагын төсвийн мэдээллийг байршуулж, тогтмол шинэчлэн иргэддээ хүргэхэд ямар нэгэн бэрхшээлгүй бөгөөд нэг талаас ИТХ, Засаг даргын тамгын газар, нөгөө талаас Соёлын төвийн эрхлэгч буюу номын санчийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа байхад л хангалттай юм.

ЗАГВАР СТАНДАРТЫН ХОЛБОГДОЛТОЙ БУСАД БАРИМТ МЭДЭЭЛЭЛ, ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТИЙН ТАЛААР ХААНААС ҮЗЭЖ БОЛОХ

Загвар стандартын эхний хувилбарыг боловсруулах явцад цуглуулсан баримт мэдээллийг төслийн https://iltodtusuv.wordpress.com сайтад байршуулсан болно.

ХАВСРАЛТУУД:

1.Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын эрх зүйн шаардлагуудын нэгдсэн зураглал (87 мөр бүхий хүснэгт)

2.Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загварууд (37 загвар)

3.Орон нутгийн төсвийн мэдээллийн хялбар цахим хуудсыг байгуулж хөтлөх заавар

4.Загвар стандартыг туршин хэрэгжүүлэх явцад гарсан өөрчлөлт, болсон үйл явдлын жишээ баримтууд (case stories)

— 000 —

Энэ баримт бичгийг PDF хэлбэрээр татаж авах бол дорхи холбоосыг ашиглана уу.

Zagvar standart 2013

Leave a comment