Загвар стандартын тухай
Загвар стандарт гэж юу вэ?
Энэ нь орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн төлөвлөгөө, батлагдсан төсөв, хэрэгжилт, түүний үр дүнгийн ил тод байдал болон төсвийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах, дүгнэх үйл явцын нээлттэй байдлын агуулга, хэлбэр, арга зүй, зохион байгуулалтын жишиг загвар юм. Монгол Улсын орон нутгийн төсвийн баримт бичиг ба үйл явцыг бодитойгоор ил тод, нээлттэй болгох зорилготой.
Энэхүү загвар стандарт нь судалгааны үндсэн дээр боловсруулж орон нутгийн түвшинд туршин, тэдгээрийн төр захиргаа, иргэд болон судлаачдын санал бодлыг тусгасан зөвлөмжийн шинжтэй баримт бичиг юм.
Загвар стандартыг зөвхөн сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэг албадлагыг агуулаагүй. Гэхдээ түүнд багтсан тодорхой шаардлагууд нь Үндсэн хууль болон төсвийн холбогдолтой хууль тогтоомжинд нийцсэн, өөрөөр хэлбэл эрх зүйн үндэстэй учраас иргэд, олон нийт, татвар төлөгчдийн зүгээс орон нутгийн төр, захиргаа, төсвийн байгууллагад хандан загвар стандартыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэхийг нэхэж шаардах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн харшлах зүйл байхгүй.
Нөгөө талаар нутгийн өөрөө удирдах ёсны зарчмын дагуу аймаг, нийслэл, дүүрэг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, эсвэл Засаг даргын зүгээс дээрх зарчмын дагуу тухай нутаг дэвсгэрт заавал биелүүлэх эрх зүйн баримт бичиг шийдвэрийг гаргах эрхтэй тул төсвийн мэдээллийн цахим сайт ба буланг (эсвэл загвар стандартыг нийтэд нь) хүлээн зөвшөөрч баталсан тогтоол, захирамж гарган ашиглах, эсвэл төстэй баримт бичгийн болон үйл ажиллагааны үндэс суурь байх боломжтой.
Үргэлжлэлийг дор үзнэ үү.
Яагаад?
Монгол Улсад 2010 оноос хойш төсвийн холбогдолтой хууль тогтоомж бүрэн шинэчлэгдсэн бөгөөд дагалдах дүрэм журмууд өөрчлөгдөж, тэдгээрт ил тод, нээлттэй байдал, иргэдийн оролцоог хангах эрх зүйн олон шаардлага заалт болж орсон боловч хэрэгжилт хангалтгүй байгаа нь төрийн бус байгууллагуудын мониторинг, судалгаагаар тодорхой байна. Үүний шалтгаан нь бидний үзэж буйгаар, дээр дурдсан шаардлагууд нь янз бүрийн хууль, дүрэм, журам, хавсралт маягтуудаар тарсан, хоорондоо уялдаа холбоогүй, зарим тохиолдолд давхардсан буюу зөрчилдсөн, эсвэл хэт ерөнхий, ихэнх тохиолдолд хэрэгжүүлэх аргачлал, процедур орхигдсон явдал юм. Улс төрчдөөс эхлээд төр, захиргаа, төсвийн байгууллагууд төсвийн ил тод, нээлттэй байдлын талаар их ярьж, бас санаачилж хийхийг оролдож байгаа хэдий ч дорвитой өөрчлөлт гарахгүй байна.
Дүгнэлт хийвэл, орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангахад илүү нарийвчилсан бөгөөд сайтар бодож боловсруулсан зохицуулалт буюу процедур, арга зүй, хэмжиж болохуйц шалгуурууд шаардлагатай. Энэ нь загвар стандарт хэлбэрээр томъёологдсон байх ёстой гэж бид үзэж байна.
ЭРХ ЗҮЙН ШААРДЛАГУУДЫН НЭГДСЭН ЗУРАГЛАЛ:
Загвар стандартын суурь нь “Орон нутгийн төсвийн үйл явц, баримт бичгүүдийн ил тод, нээлттэй байдлын хууль, эрх зүйн шаардлагуудын нэгдсэн зураглал (mapping) болно.
Энэ нь “Төсвийн тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”, “Хандив тусламжийг бүртгэх журам”, “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам” зэрэг хууль, Засгийн газрын тогтоол, санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын (Санхүү, эдийн засгийн яам, Сангийн яам) сайдын тушаалаар батлагдсан журам, дүрэм, тэдгээрийн хавсралтуудын дагуу орон нутгийн төсвийн баримт бичиг ба үйл явцын ил тод, нээлттэй байдлын эрх зүйн шаардлагуудыг нэгбүрчлэн судалж боловсруулан цаглабар хэлбэрээр нэгтгэн харуулсан зураглал юм.
Харин орон нутгийн төсвийн зарим баримт бичиг ба үйл явцыг ил тод, нээлттэй болгох эрх зүйн тодорхой шаардлагууд байхгүй, эсвэл хэт ерөнхий, процедур орхигдсон зэрэг тохиолдолд тийм цоорхойг нөхөх зорилгоор зарим тодруулга болон саналыг боловсруулж оруулав.
ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН БАГ:
Дэлхийн банк, Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт” төслийн хүрээнд “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний гишүүн төрийн бус байгууллага, судлаачид хамтран боловсруулав. Загвар стандартын төсөл, түүний хувилбаруудыг туршиж хэрэгжүүлэх, хэлэлцэх, боловсронгуй болгоход орон нутгийн төр, захиргаа болон төсөв, санхүүгийн ажилтнууд оролцлоо.
Судалгааны баг:
Д.Цэрэнжав (“Ил тод байдал сан”)
Г.Цэцгээ (Нийгмийн хариуцлагын төлөө түншлэл)
Л.Отгонтуяа (Удирдлагын академи)
Улаанбаатар хотын баг:
М.Болормаа (Эмэгтэй удирдагч сан)
А.Мөнхнаран (Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн)
Э.Ганхүү (Улаанбаатар хотын ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс)
Баянзүрх дүүргийн баг:
Б.Түвшинбаяр (“Зөв тусгал”)
Ц.Наранчимэг (Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс)
Ховд аймаг ба Дөргөн сумын баг:
Д.Тогтуунбаяр (Ховд аймгийн Нийгмийн дэвшил, эмэгтэйчүүд хөдөлгөөн)
Г.Төрмөнх (“Ховдын толь” ТББ)
Ц.Нарантуяа (Ховд аймгийн иргэний нийгмийн сүлжээ)
Д.Алтангэрэл (Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс)
Ч.Буянбат (Дөргөн сумын ИТХ-ын дарга)
АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН ЗАГВАРУУД
Нэгдсэн зураглалд багтсан ил тод, нээлттэй болгох шаардлагатай баримт бичиг болон үйл явцуудыг товчоор дүрслэн харуулсан загваруудыг бэлтгэв. Аймаг, нийслэл, сум, дүүрэг ба төсвийн байгууллагын төсвийн жилийн турш ил тод, нээлттэй болгох шаардлагатай цаглабар, баримт бичиг, үйл явц, тэдгээрт холбогдох хууль, дүрэм, журмын заалтууд (төсвийн баримт бичгийн нэр, ил тод болгох хугацаа, арга хэлбэр), төсвийн баримт бичиг, мэдээллийн агуулга, бүтэц, задаргаа, нарийвчлал (хууль, журманд заасан болон төслийн зүгээс санал болгож байгаа), төсвийн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах арга, хэлбэр буюу загварыг (хууль, журманд заасан болон төслийн зүгээс санал болгож байгаа)-ыг эндээс товч байдлаар харна.
2013 оны 3-р сарын байдлаар бэлэн болсон 37 загвар бэлэн байна. Үүнээс 36 нь үгээр тайлбарласан, нэг нь хүснэгт болно. Загварууд өөрчлөгдөх буюу тоо нь нэмэгдэж хасагдах боломжтой.
ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САЙТ:
Төсвийн хууль, дүрэм журмын дагуу орон нутгийн түвшинд боловсруулж гаргадаг төсвийн баримт бичгүүд, тэдгээрийн ил тод, нээлттэй болгох эрх зүйн шаардлагыг харуулсан зураглал (mapping), түүний дагуу төрөлжүүлж гаргасан аймаг, нийслэл, сум, дүүргийн загвар стандартууд нь загвар цахим сайтын агуулгыг тодорхойлно.
Цахим сайтад төсвийн бүх үе шатны бүх баримт бичгийг төсвийн цаглабар (mapping)-ын дагуу нийтэлнэ. “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” нь төсвийн байгууллагын зөвхөн батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэлийг олон нийтэд нээлттэй байлгахад хамаарах тул нэмж төсвийн төлөвлөлт, төсөл, төсвийн хэрэгжилтын явцын ил тод, нээлттэй болгохыг арга хэлбэрт онцгой анхаарал хандуулна.
Орон нутгийн төсвийн байгууллагуудыг энд тус тусын дэд цахим хуудастай болгоно.
Төрийн ба орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд ил тод болгох олон заалт орсон боловч бүгд ерөнхий, ямар нэгэн тодорхой загвар зааж өгөөгүй, нарийвчлан зохицуулсан дүрэм, журам хараахан гараагүй хүлээгдэж байгаа учраас энэ үйл явцыг нээлттэй болгох талбар нь энэхүү цахим сайт байх болно. Худалдан авалт тус бүр өөрийн дэд хуудастай байж худалдан авалтын явцын эхлэл, явц, үд дүнгийн мэдээллийг оруулж хөтлөх зарчмаар ажиллана.
Мөн тухайн орон нутгийн төсөвт хамаарахгүй боловч тус нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа улсын нэгдсэн төсөв, дээд шатны төсөв, дотоод, гадаадын төсөл хөтөлбөрийн төсвийн зарцуулалт, худалдан авалтын мэдээллийг энэ цахим хуудсанд нийтэлж ил тод, нээлттэй байдлыг хангана.
Цаашид нэгэнт бий болсон сайтын загварыг “Иргэний төсөв” гэсэн агуулгаар хөгжүүлнэ. “Иргэний төсөв”-ийг иргэдэд зориулан ойлгомжтой, хялбар болгож байгаа нэрээр төсвийн баримт мэдээллийг хасч багасган тайлбарласан бус, харин иргэдийн оршин суугаа хот, дүүрэг, хорооны нутаг дэвсгэр, өдөр тутмын амьдралд шууд хамаатай төсвийн мэдээллийг төрөлжүүлэн цуглуулж өгсөн, тийм зардал, зарцуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалтыг задалж харуулсан маш тодорхой төсөв гэсэн утгаар ойлгоно.
Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандартыг нийслэл Улаанбаатар хот, түүний Баянзүрх дүүрэг, Ховд аймаг, түүний Дөргөн сумын төсвийн цахим сайтын жишээн дээр харуулсан болно.
Баянзүрх дүүрэг
http://bzd2013.wordpress.com
(2012 оны туршилтын хувилбар – http://bzdtusuv.wordpress.com)
Ховд аймгийн Дөргөн сум
http://durgun.wordpress.com
Улаанбаатар хот
http://ub2013.wordpress.com
(2012 оны туршилтын хувилбар – http://ubtusuv2012.horeca.com)
Ховд аймгийн төсөв
http://khovd2013.wordpress.com
(2012 оны туршилтын хувилбар – http://khovdtusuv.wordpress.com/)
ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН БУЛАН
Орон нутгийн төсвийн мэдээллийг иргэд, олон нийт, татвар төлөгчдөд хүргэх цоо шинэ бөгөөд үр дүнтэй арга хэлбэр гэж үзээд номын сан дахь төсвийн мэдээллийн булангийн загварыг санал болгож байна. Энэ нь загвар стандартын хувьд төсвийн мэдээллийн цахим сайтын үргэлжлэл, тэнд байршуулсан мэдээллийг цаасан болон бусад арга, хэлбэрээр олон нийтэд хүргэх бодитой арга байх юм.
Номын сан болон түүнтэй төстэй мэдээллийн нийтийн үйлчилгээний газруудад төсвийн мэдээллийг иргэд, олон нийт, татвар төлөгчид нэг цэгээс үзэж танилцах төдийгүй бодитойгоор ашиглах боломжийг бүрдүүлсэн тусдаа орон зай, тэнд эмх цэгцтэй байршуулж байнга шинэчлэгдэж байдаг төсвийн биет мэдээллийн сан, үйлчилгээ юм.
Орчин үед номын сан гэдэг бол ном, хэвлэлийг төвлөрүүлэн хадгалж уншуулдаг газар төдий биш иргэд, олон нийтийг төрөл бүрийн өргөн хүрээтэй мэдээллээр хангадаг үйлчилгээний төв болж хувирсан байна. Тэр тусмаа манай номын сангууд бүгд төрийн өмчид байдаг, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг учраас төр, захиргаа болон төсвийн байгууллагуудын мэдээллийг олон нийтэд хүргэх үүрэгтэй гэж хэлж болох юм.
Төсвийн мэдээллийн самбараас ялгаатай нь номын сан дахь төсвийн мэдээллийн булан өөр нөхцөлд байна.
1.Иргэд тав тухтай үйлчлүүлэх боломжтой газарт байна. Тэнд ширээ сандалтай учраас тухай сууж сууж мэдээллийг дэлгэж үзэх, нарийвчлан судлах, шаардлагатай бол тэмдэглэж авах зэргээр чөлөөтэй ажиллана. Хэрвээ тухайн номын санд хувилах үйлчилгээ байгаа бол хувилан авч болно. Тэгвэл байгууллагын хананд тогтоосон мэдээллийн самбараас мэдээлэл авахын тулд иргэн хүн удаан зогсоход хүрэх ба бичиж тэмдэглэх боломж муутай.
2.Төсвийн мэдээллийн булангийн материалууд тухайн номын санд бүртгэлтэй нэгж материал болж мэргэжлийн номын санчид зохих аргачлалын дагуу ангилж хадгалах ба номын сангийн хамгаалалтанд байна. Номын сангийн ажилтнууд төсвийн мэдээллийн буланг шинэчлэх үүргийг хүлээнэ.
3.Мэдээллийн буланг түшиглэж төр, захиргаа, төсвийн ажилтнууд, төрийн бус байгууллагууд дангаараа буюу хамтран иргэд, олон нийт, татвар төлөгчдөд зориулж төсвийн баримт бичиг, үйл явцыг танилцуулах, лекц унших, уулзалт, хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулах зэргээр төсвийн мэдээллийг ил тод нээлттэй болгож ажиллах өргөн боломж нээгдэнэ.
Бид орон нутгийн номын сан гэсэн ойлголтонд зөвхөн одоо “номын сан” нэрлэгддэг байгууллагууд төдийгүй бусад газруудыг хамааруулж байна. Үүнд,
Улаанбаатар хот, түүний дүүргүүдэд: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан, Баянзүрх дүүргийн нийтийн номын сан, Баянгол дүүргийн номын сан (Баянгол дүүргийн ЗДТГ-ын харьяа), Сонгинохайрхан дүүргийн нийтийн номын сан, Чингэлтэй дүүргийн М.Горькийн нэрэмжит нийтийн номын сан, Хан-Уул дүүргийн соёлын төв, Иргэний танхим [Дүүргийн нийтийн номын сангууд нь Улаанбаатар хотын нийтийн номын сангийн харъяа юм]
Аймгийн төвд: Аймгийн номын сан, аймгийн иргэний танхим, мэдээллийн төв/Интернэт мэдээллийн төв, дээд ба дунд сургуулийн номын сангууд
Сумын төвд: Соёлын төвийн номын сан, дунд сургуулийн номын сан.
Номын сангийн (мэдээллийн төв, иргэний танхим гэх мэт) аль нэг хэсгийн ханан талд, эсвэл буланд төсвийн тусдаа орон зай байна. Булангийн дээд хэсэгт “[Нийслэл, дүүрэг, аймаг, сумын нэр]-ын төсвийн мэдээллийн булан“ гэсэн хаяг байна.
Булангийн үндсэн хэсэг нь төсвийн баримт материал, ном товхимолыг байрлуулсан тусгай тавиур байна. Тавиурын дээд хэсэгт нь тухайн орон нутгийн төсвийн шинэ мэдээлэл, харин доод хэсэгт өмнөх төсвийн буюу архивлагдсан материалууд байршина.
Тавиурын дэргэд уншигчид төсвийн баримт мэдээллийг ашиглахад зориулсан ширээ, сандал байрлуулна. Тухайн номын сангийн зай талбайгаас хамааран нэгээс илүү байж болно. Төсвийн баримт мэдээллийг зөвхөн энд биш, бас номын сангийн бусад ширээнд аваачиж уншиж ашиглаж болно.
ЗАГВАР СТАНДАРТЫН ТАНИЛЦУУЛГА, БАРИМТ БИЧИГ, БУСАД МЭДЭЭЛЛИЙГ
http://www.iltodtusuv.wordpress.com сайтаас үзэж болно.
Танилцуулгыг PDF файл хэлбэрээр эндээс татаж авна уу
Leave a Reply